Бүгд найрамдах Халимаг улсын хүн ам ОХУ-д хамгийн өртэй нь. 2023 онд зээлийн өр, жилийн дундаж цалингийн харьцаа нь 109 хувьд хүрчээ. Өнгөрсөн онд Халимагт шинээр бүртгүүлсэн хувиараа бизнес эрхлэгчдийн тоо 60.7 хувиар өссөн нь Оростоо хамгийн өндөр нь. Талын бүс нутагт хөрөнгө оруулахын тулд шинэ үеийнхэн юу хийж байгаа талаар Forbes сонирхолтой материал бэлтгэжээ.
2008 оноос хойш Халимагт галт тэргээр хүрэхийн аргагүй болсон. Элиста мухар станц Оросын төмөр замын хувьд зорчигч тээврийн шаардлагатай урсгалыг хангадаггүй тул зорчигчийн галт тэрэг тийш явдаггүй. Украины дайны улмаас сүүлийн хоёр жилд Элиста хотын нисэх онгоцны буудал ч мөн хаагдаж, энэ сарын 3-нд нээсэн. Тус хот руу зөвхөн автомашинаар очих боломжтой. Зам дагуу эзэнгүй тал үргэлжилнэ.
Халимагийн хүн ам 1991 онд 328 мянга байсан бол 264 мянга болтлоо буурчээ. Элиста хотод 102500 хүн оршин суудаг. Зөвхөн төрийн байгууллагуудын хаягийг халимагаар давхар бичдэг. Мэндлэхдээ эх хэлээрээ “мэндвт” гэж мэндлэх халимагууд цааш нь оросоор хоорондоо ярина. Халимаг хэлийг сургуульд заадаг ч гэртээ эх хэлээрээ ярьдаггүй. Халимаг гэр бүлд орос нэр өгч, холимог гэрлэлтийг буруушаахгүй.
Халимагууд өөрсдийгөө оросжсон гэх. Тайван, эхэндээ ямар ч харамссан шинжгүй мэт хэлнэ. Гэхдээ Бурхны шашны энэ амар амгалан байдлыг үндэстнийхээ ондоошлыг алдсан гэж ойлговол өрөөсгөл болно.
Уламжлалт шашин шүтлэг нь тэдний ондооших гол шалтгаан. Монголоос Каспийн тэнгис хүртэл нүүдэллэхдээ халимагууд Төвөдийн Бурхны шашнаа хамт авч ирсэн.
Буддын сүм хийдүүд өдөр бүр хурал хурж, ном айлтгана.
2021 оны хүн амын тоөллогын үр дүнгээс үзвэл, халимагуудын 31.42 хувь нь дээд болон бүрэн бус дээд боловсролтой. Энэ үзүүлэлтээр тэд Оросын еврейчүүдийн /57.4 хувь/ дараа хоёрт ордог.
Элистагийн лицей нь ид, дээд сургуульд элсэн орсон төгсөгчдийнхөө тоогоор эхний 20-т жагсана. Боловсролтой болж, том компанид ажилд орох нь халимаг мөрөөдөл.
Том гавьяатан
Халимагийн гол сурталчлагч нь Кирсан Илюмжинов. Тэрбээр 1993 онд 31 насандаа тус Бүгд найрамдах улсыг тэргүүлж, 1995 онд хувийнхаа санхүүжилтээр нь хувьсгалаас хойш анхны хуралдай зарлаж, 30 мянга гаруй хүн цугларч байв. Халимагийн шатрын аварга цолыг 14 насандаа хүртсэн, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн төгсөгч, улс төрчийг Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгчөөр сонгож байлаа. 1996 онд Дэлхийн шатрын АШТ-ийг Нью Йорк биш, Москвад ч биш, манай талд зохион байгуулж байсан гэж Элиста хотын оршин суугч дурсана. 33-р ДАШТ-нд зориулж “City Chess буюу Шатрын Хот”-ыг байгуулж байлаа. Илюмжиновын үед Европт хамгийн том 63 м Шагжамуни Буддагийн алтан хийдийг Элиста хотын төвд сүндэрлүүлж байв.
Илюмжинов Халимагт гавьяа байгуулсан. Түүний үед Халимаг нь олон улсын анхааралд өртөж, олон улсын хөрөнгө оруулагчдын татаж, Халимаг улс Оросын анхны оффшор бүсүүдийн нэг болов. Тэнд бүртгэгдсэн аж ахуйн нэгжүүдэд ашгийн 20 бус харин таван хувийн татвар төлнө.
2010 онд Кирсан Илюмжинов БНУ-ын тэргүүний албан тушаалаа өгсөн. Өдгөө тэрбээр Москва хотод амьдарч байна.
Каспийн тэнгисийн эрэг дээр
Халимагт зөвлөлтийн үед ч том, жижиг гэх аж үйлдвэрийн газрууд байсангүй. Каспийн автомашины үйлдвэрийг эс тооцвол. Тус үйлдвэр бусад хөнгөн үйлдвэрүүдийн нэгэн адил хаагдсан.
Лаган хот жилийн турш далайн тээвэр эрхлэх боломжтой ч боомт барих төсөл цаасан дээр л хэрэгжсэн. Каспийн тэнгисийн ус татарчээ. Халимагт газрын тос болон байгалийн хийн олборлодог. Энэ жил Каспийн ордыг ашиглаж эхэлнэ. “Татнефть” компани 2026 он хүртэл хоёр тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.
Гэхдээ Халимагийн хамгийн гол салбар бол мал аж ахуй.
Тал нутгийн бэлчээрийн мал аж ахуйн нэг зовлон нь бэлчээрийн хязгаарлагдмал нөөц. Бэлчээрийн даац зөвхөн эх малыг бэлчээрлүүлэхэд хүрэлцэнэ.
Хамгийн хүнд хэцүү үед ч Халимагт өлсөж байгаагүй. 2023 онд Халимаг 363 мянган толгой бод мал, 1.7 сая бог тоолуулжээ.
Халимагийн хөрсний онцлогоос шалтгаалан хөрш бүс нутгуудаас бага пестицид хэрэглэдэг байна. Тиймээс үйлдвэрлэлийн өртөг бага, үр тариа илүү экологийн цэвэр байдаг. Халимагийн талд өвс нь хатуу, хуурай байдаг. Тиймээс малын махны амт, чанар онцгой байдаг аж. “Манай мах Шинэ Зеландынхаас ч илүү” гэж нутгийн фермер бахархан ярина.
Тал дахь гэгээрэл
Халимагийн Соёл, аялал жуулчлалын яамны мэдээллээр, 2023 онд 500 мянган хүн зочилсноос ихэнх нь дамжин өнгөрөгчид. Цэвэр жуулчдын тоо 127 мянга байжээ. Дөрөвдүгээр сарын Алтанзул цэцгийн баяр, долоодугаар сарын Элсэн Манханы баяраар зочид буудал төдийгүй гэст хаусууд дүүрдэг байна. Халимагт дөрвөн одтой ганц л “Марко Поло” нэртэй зочид буудал үйл ажиллагаа явуулдаг. Нийт 36 өрөөтэй. Аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтын туйлын чамлалттай.
Шатрын сэдэв сонирхол татахаа больсноос хойш Буддын шашны сэдвийг тойрч л аялал жуулчлалын хөтөлбөрүүдээ гаргадаг. Буддын сүм хийд, суварга, гэгээрлийн газрууд. Энэ бүхэн үзэсгэлэнт байгаль, мах ноёлсон үндэстний хоолтой хоршин, жуулчдыг татна. Гэхдээ л аялал жуулчлалыг хөгжүүлэх тодорхой үзэл баримтлал одоогоор гараагүй л байна.
Шалгарсан замаар
Халимагийн Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр, “Лебеди-Агро” компани будаа тариалан, үйлдвэрийн цогцолбор барихаар төлөвлөж байна. Нийт 10 га талбайд будаа тариалах бөгөөд хөрөнгө оруулалт нь 14.3 тэрбум рубль. Ер нь газар тариалангийн компаниуд Халимагийн талд ирэхээр яарахгүй л байна. Бүс нутаг гаднын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах нь бага.
Гурван жилийн өмнөөс Халимагийг хөгжүүлэх сан үйл ажиллагаа явуулж эхэлснээр, газар тариалан, аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрүүд эрчимтэй хэрэгжиж эхэлжээ. Сангийн дэмжлэгтэй Элиста хотод “HuggMe” буйдангийн үйлдвэр, “TEYU” оёдлын үйлдвэр нээгджээ. Жилийн өмнө “BeerGik” шар айргийн үйлдвэр нээгдсэн нь Бүгд найрамдах улсдаа гурав дахь нь. Эдийн засгийн идэвхжил нь төрийн дэмжлэгээс гадна Бүгд найрамдах улсын залуу тэргүүнтэй холбоотой. 2019 онд 39 настай Бату Хасиков Бүгд найрамдах Халимаг улсын тэргүүнээр сонгогдсон. Түүнээс хойш Халимагт залуу мэргэжилтнүүд Москвагаас зорин ирэх болжээ.
Халимагт хамгийн залуу засгийн газар ажиллаж байна. Ихэнх албан тушаалтнууд нь 40 ч хүрээгүй.
Халимагийн Сангийн яамны мэдээллээр, 2024 онд төсвийн орлого нь 31.3 тэрбум рубльд хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Үүнээс 5.4 тэрбум рублийг холбооны төсвийн татаас хэлбэрээр төвлөрүүлнэ. 2023 онд аж ахуйн нэгжийн татвараар 4.22 тэрбум рубль төвлөрүүлсэн нь 2022 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгджээ. 2023 оны байдлаар, Халимагт бизнес эрхлэгчдийн тоо 60.7 хувиар өссөн нь Оросын бүс нутгуудаас хамгийн өндөр. Үүний шалтгаан нь татварын хөнгөвчилсөн системийн дагуу татварыг зургаан хувиас нэг хувь болгож бууруулжээ. Кирсан Илюмжиновын үеийн оффшор бүс шиг энд аж ахуйн нэгжүүд борооны дараах мөөг шиг бүртгүүлж байна. Хуулийн этгээдийг бүртгүүлэхэд оффисын хаяг л хангалттай. Үүнийг дагаад түрээсийн төлбөр, үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом өсөж байна. Халимаг шалгарсан замдаа эргэн оржээ.
Сэтгэгдэл ( 6 )
Хүн ам цөөрсөн нь дайнй уршиг биздээ.
Жунгарын Ойрадууд Оросуудад уусан ийнхүү төгсөх тавьлантай байжээ. Яг л Манж нар шиг.
Хүн ам нь 328 мянгаас 264 мянга болж буурсан !юуных нь хөгжих,ойлгомжтой
Сэтгүүлчийн ур чадвар үнэхээр алга, редактор нь яасан хяналтгүй юм. Зүгээр хэн дуртай нь мэдээлэл тавьдаг юм уу
Нийтлэлээ эргэж нэг уншаад үг үсгийн алдаагаа засчихаад нийтэлж байвал зүгээр
Орос гээч орк улсын хажууд нь байгаа монгол бүх талаар хаагдаж боогдоод, дарамтанд ороод хөгжилтэй мантай байхад дотор нь байгаа хальмаг, буриад, тува яг хөгжиж харагдаач