Ганбаатар овогтой Ганхуяг буюу Ганг хэмээх урлагийн нэрээрээ олонд алдаршсан авьяаслаг дуучин, хөгжмийн зохиолч ертөнцийн мөнх бусыг үзүүлж, Монголын хөгжмийн урлагт нөхөгдөшгүй гарз тохиолоо. Түүнийг гэр бүл, хайрт гэргий, энхрий үрс, урлагийнхан, найз нөхөд нь өчигдөр /2019.09.25/ сүүлчийн замд нь үдлээ. Г.Ганхуяг нь 1978 оны тавдугаар сарын 15-нд орчлонд мэндэлж, аав, ээжийн хайрыг татсан хүү болон өсөж торнижээ. Орос, Монголын хамтарсан III дунд сургууль төгсөж, Хилийн цэргийн дээд сургуульд суралцан, Хилийн шалган нэвтрүүлэх албаны офицер, англи хэлний орчуулагч мэргэжил эзэмшсэн. Ганг таван охиндоо нөмөр болсон Монголын сайхан аав, халамжит хань байлаа.
Түүний уран бүтээлийн замнал нь "Маднесс" хамтлагийн анхны гоцлол гитарчнаар эхэлсэн юм. Тэр ер бусын нэгэн байлаа. Дуулсан бүхэн нь олны анхааралд хүрч, түгэн тархаж байлаа. Түүний зохиосон дуу бүхэн хамтлаг, дуучдын дунд шуугиан тарьж, эрээд олдохгүй эрдэнэ мэт байсныг рок, попын нэрт хамтлаг, дуучдын цомгоос харж болно. Гангийн гол уран бүтээлүүд дэлгэцийн уран бүтээлтэй шууд холбоотой. "Ийм нэгэн дурлал", "Зөрлөг", "Миний муу аав" зэрэг арваад уран сайхны кино, "Хувилгааны эрэлд", "Нар мандана, аз жаргал минь", "Саятан болгох дамжаа" телевизийн цувралын хөгжим нь Монголын хөгжмийн урлагт шинэчлэл, шинэ төрх, хувьслыг авчирсан юм. Түүний зохиосон 200 гаруй дуу өнө мөнхөд дуулагдах болно.
Гангийн ер бусын эрч хүч, бүтээн туурвих хурд, шинэ үеийн тэмүүллийг тээсэн хүчирхэг мөрөөдөл, олныг татах хүч, хайр асгасан авьяас нь уран бүтээлч андууд, үеийнхэн төдийгүй үзэгч түмний зүгээс үгээр хэлэхийн аргагүй хүлээлт үүсгэдэг байлаа.
Тэр хэлний гоц авьяастан байсан бөгөөд орос, англи, швед, хятад хэлээр чөлөөтэй ярьдаг байв. Зөвлөлтийн алдарт “Кино” хамтлаг, түүний ахлагч Виктор Цойг бид мэднэ. Ганг Виктор Цойн дууг гайхалтай адил дуулдаг байлаа. Дуудлага төгс, дуулалт төгс. Цойн дурсамж тоглолтыг 2000 оноос хойш зохион байгуулсан, сүүлийн 20-иод жил Монголд Цойг амилуулсан гол уран бүтээлч нь Ганг байсан юм. “Когда твоя девушка больна”, “Муравейник”, “Кукушка”, “Группа крови”... Цойн гайхалтай дуунууд Гангийн дуулснаар сэтгэлд хоногшин үлджээ.
200 гаруй дуутай, тийм олон хит уран бүтээлтэй мөртөө Ганг өөрийнхөө уран бүтээлийн тоглолтыг нэг ч удаа тавиагүй. Гангийн даруухан бөгөөд сүүлийн тоглолт сар гаруйн өмнө “Никитон” клубт болсон нь “Виктор Цойг дурсах өдөр” байсан юм. Тэр энэ хорвоогоос яван явтлаа Цойд үнэнч дуулжээ...
Амгалан нойрс доо, Монголын Цой минь.
Сэтгэгдэл ( 1 )
ум маани бадни хум. бүтээсэн бүтээлтэй. бусдад буруу зүйл хийгээгүй эгэл нэгэн байлаа. мөнх хол аялалд морьдсон ч монголчууддаа сонсох дуу сайхан аялгуугаа үлдээгээд явлаа да. төрсөн биe нь мөнх бус ч төрүүлж туурвисан бүтээл тань бусдад уянга хайрыг түгээж хамт улиран дуурсагдан дуулах болно оо