Нийслэл хотын үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын ивээл дор Оюутан, залуучуудын дунд волейбол, сагсан бөмбөг, дугуй, шатар, бүх нийтийн гүйлт гэсэн спортын таван төрөлтийн тэмцээнийг есдүгээр сарын 30-ны өдрөөс аравдугаар сарын 2-ны хооронд зохион байгуулж байна.
Оюутан, залуучуудын дунд есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 2-ны хооронд зохион байгуулагдах сагсан бөмбөг, волейболын төрөлтийн тэмцээний нээлт өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Спортын хорооны Нийтийн биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга А.Болдмаа, НСХ-ны Спортын хөгжлийн хэлтсийн дарга С.Саранцэцэг тэргүүтэй зочид төлөөлөгчид болон тэмцээнд өрсөлдөж буй оюутан, залуучууд оролцов.
Тэмцээнийг нээж Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотод анх удаа Нийслэлийн Засаг даргын ивээл дор оюутан, залуучуудын таван төрөлт спортын наадмыг зохион байгуулж байна. Өнөөдрийн бидний зохион байгуулж байгаа тэмцээнд төрийн болон хувийн хэвшлийн сургуулиудын баг тамирчид өрсөлдөх гэж байна. Нийслэлийн удирдлагуудын нэрийн өмнөөс та бүхэндээ тэмцээнд нь амжилт хүсээд өргөн баг бүрэлдэхүүнээр ирж оролцож байгаад тань талархал илэрхийлье” хэмээлээ.
Сагсан бөмбөгийн нийслэлийн шигшээ тэмцээнд 16 сургуулийн 224 оюутан, волейболын шигшээ тэмцээнд 12 сургуулийн 180 оюутан тус тус оролцож байна.
Мөн нийслэлийн иргэд оршин суугчдын дунд аравдугаар сарын 23-ныг хүртэл спортын наадмыг явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, софт волейбол, волейбол, сагсан бөмбөгийн төрлөөр тэмцээн зохион байгуулах юм. Дугуйн тэмцээн болон бүх нийтийн гүйлтийг аравдугаар сарын 12-ны өдөр “Хөшигтийн хөндий”-н хурдны зам дээр, Шатрын тэмцээнийг аравдугаар сарын 12-13-ний өдрүүдэд “Аврагч” спорт хорооны зааланд тус тус зохион байгуулна. Түүнчлэн Нийслэлийн иргэдийн спортын наадам нь хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шаттайгаар найман төрлөөр зохион байгуулагдах аж. Тус наадмын анхан шатны тэмцээнүүд есдүгээр сарын 20-оос өмнө явагдаж дууссан бөгөөд аравдугаар сарын 5-20-ны хооронд урьдчилсан тоглолтууд явагдана.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )