Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2019.10.07/ боллоо.
Зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагууд Улаанбаатар хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулав. Мөн нийслэлд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэргэжлийн байгууллагууд мэдээлэл өглөө. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын 198 ажилтан, албан хаагч амралтын өдрүүдэд 24 цагаар ажилласан байна. Ингэхдээ гэр хорооллын айлууд, тэр дундаа хордлогод өртсөн айлуудад ажиллаж, хэмжилт хийжээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун хэлэхдээ “Бид хордлогод өртсөн айлуудын хэрэглэж байсан түлшнээс, худалдан авсан цэгээс, “Таван толгой” ХХК-ийн үйлдвэрээс гэсэн 3 газраас 23 дээж авч, Ашигт малтмал, газрын тосны газрын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори, Гаалийн ерөнхий газрын төв лабораторид шинжилгээнд өгсөн. Өчигдөр 2, өнөөдөр 1 шинжилгээний хариу гарсан” гэлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн хэлэхдээ “Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор холбогдох мэргэжлийн байгууллагууд төр засгийн тэргүүнүүдийг мэдээллээр ханган ажилласан. Мөн шахмал түлшний дээжийг БНСУ болон БНХАУ-руу шинжилгээнд явуулсан” гэж мэдэгдлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Үүссэн нөхцөл байдалд бодилт дүгнэлт хийж, иргэд дахин энэ төрлийн осолд өртөхгүй байх талаар урьдчилан сэргийлэхэд дүүргүүдийн засаг дарга нар болон хэсгийн ахлагч нар анхаарч ажилла. Сайжруулсан түлшний хэрэглээний талаарх мэдээллийг иргэдэд хүргэхэд онцгойлон анхаар. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний байгууллагуудаар дамжуулан сайжруулсан шахмал түлшний заавар, зөвлөгөөг иргэдэд хүргэх хэрэгтэй” гэдгийг хэлээд шахмал түлшний шинжилгээний дүнг олон нийтэд мэдээлэх үүрэг өглөө.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )