Дэлхий даяар жилд 47 мянган бяцхан хүүхэд өндрөөс унан амиа алддаг бол олон зуун мянган хүүхэд насан туршдаа эрэмдэг болдог гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн илтгэлд мэдээлдэг. Хэр олон хүүхэд өндрөөс унахаас аврагдсан тухай статистик байдаггүй ч баатарлаг үйлстэн олон юм. Хэдхэн хоногийн өмнө гэхэд нэгэн монгол аав найман давхраас унах гэж байсан дөрвөн настай хүүг аварсныг Zindaa.mn мэдээлсэн. Бяцхан хүүг өндрөөс унахаас аварсан энэ үйл явдлыг сайшааж, ижил төстэй бусад аз таарсан тохиолдлыг сануулахаар бэлтгэлээ.
* * *
2018 оны тавдугаар сар
Францын нийслэл Парис хотын нэгэн барилгын дөрвөн давхраас унах гэж байсан дөрвөн настай хүүг аварсан Мали улсын цагаач Мамуду Гассама. Баатарлаг үйлсийнх нь төлөө Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон түүнд Францын иргэншил олгож, гал түймэртэй тэмцэх албанд хүчин зүтгэж буй. Тэрбээр дөрвөн давхрын тагтнаас дүүжлэгдэж буй бяцхан хүүг аврахын тулд тагтнаас тагт дамжин дөрвөн давхар өөд авирч, хүүгийн амийг аварсан гавьяатай.
2019 оны долоодугаар сар
Хятадын баруун өмнөд хэсгийн Чунчин хотын гурван настай бяцхан хүүд самбаатай хөршүүд нь амьдрал бэлэглэсэн. Гурван настай хүү тагтнаасаа дүүжлэгдэн буйг харсан хөршүүд нь хүүхдийн унаж болох хэсэгт хөнжил барин тосож, амийг нь аварч буй бичлэг олон сая хүний талархал хүлээсэн. Хүү ямар ч бэртэл аваагүй бөгөөд дөрвөн минут хэртэй унахгүйг хичээн дүүжлэгдсэн нь бичлэгт гардаг.
2019 оны тавдугаар сар
Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах орон. Нэгэн залуу автомашинаасаа үсрэн гарч, дөрвөн давхраас унаж буй хүүхдийг тосож авахаар гүйж буй бичлэг интернэтэд мөн л шуугиан тарьсан. Хүчтэй унаж буй хүүхдэд цохиулсан залуу ухаан алдаж, унасан юм. 28 настай Тоник Турганбек гэх баатар хэдэн секундын дараа хоёр настай бяцхан хүүгийн амь насыг аварч чадсанаа мэддэг. Бяцхан жаал гэртээ ганцаараа байсан эсэх нь тодорхой болоогүй юм.
2019 оны тавдугаар сар
Хятадын Шандун мужийн Вэйфанг хотод нэгэн хоёр настай хүүг тавдугаар давхрын эйр кондишноос зүүгдэж буйг чөлөөнд гарсан цэрэг Лю Янгминь харж, айлуудын хаалгыг тогшсон байна. Хоёр давхрын нэгэн айл хаалгаа нээж, тэрбээр тагт дээр гарахад хүүхэд доош унаж байсан бөгөөд азаар аварч чадсан юм. Хүүхэд тэр үед гэртээ ганцаараа байжээ.
2019 оны зургаадугаар сар
Туркийн Истанбул хот. 17 настай Алжирын цагаач Фэйзи Забаат цонхноос унаж буй хүүхдийг хараад дор нь тосож, амийг нь аварчээ. Хоёр настай охин бэртэл аваагүй бөгөөд ээж нь хоол хийх зуур цонхоороо гарч, унасан байна. Охины аав түүнд талархал илэрхийлэн, 35 ам.доллар өгсөн гэдэг.
2019.10.05
Орон сууцны найман давхрын тагтнаас унах эрсдэлд орсон дөрвөн настайг хүүг аварсан эрэлхэг аав. Энэ явдал Баянзүрх дүүргийн X хороонд зургаа хоногийн өмнө буюу аравдугаар сарын 5-нд болсон бөгөөд бяцхан хүүг түүний хөрш болох Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн хөдөлгөөн зохицуулах хэлтсийн удирдлагын төвд ажиллаж байсан, цагдаагийн хошууч Л.Отгонбаяр аварсан юм. Бид өнөөдөр /2019.10.11/ түүнтэй уулзлаа.
-Хүү тагтнаас унах гэж байгааг та анх яаж мэдсэн бэ?
-Амралтын өдөр байсан. Гэрийнхэн маань зурагт үзээд сууж байхад хүүхэд уйлах чимээ гарсан. Манай охин өрөөндөө хичээлээ хийж байсан юм. Хүүхэд уйлж байгаа дуу их ойр сонсогдоод байсан. Тэгээд охин тагтан дээр гарч хараад, "Хажуу айлын хүүхэд тагтнаасаа дүүжлэгдээд, яг унах гэж байна аав аа" гэж хэлсэн. Гараад хартал үнэхээр нэг жаахан хүүхэд тагтнаас дүүжлэгдчихсэн байсан. Хүүг уначихвий дээ гэж айсан. Бушуухан татаж авахаа л бодсон. Өөр юу ч бодогдоогүй. Хүү бараг хурууныхаа өндгөн дээр тогтож байгаа юм шиг тийм дүр зураг л харагдсан.
-Яг танай хажуу айлын хүүхэд байсан. Хүүг овсгоо самбаа, эр зориг гарган аварсанд маш олон хүнд танд талархал илэрхийлж байна. Бид ч мөн таниар их бахархаж байна.
-Хүүхдийг өргөж татаж авчихаад дараа нь тагтаар дамжиж гэр рүү нь орж харсан. Гэртээ ганцаараа байсан юм билээ. Бодвол хүү өөрөө цонхоо онгойлгоод гарсан байх.
-Танайх байрандаа амьдраад удаж байгаа юу?
-Манайх саяхан нүүж ирсэн. Хөршүүдийгээ ямар айл байдгийг нь сайн мэдэж амжаагүй л байна. Тухайн үед л хүүхэд ганцаараа хэсэг хугацаанд байж таарсан байх.
-Аав, ээжийг нь иртэл та хүүг гэртээ байлгасан уу?
-Тагтаар нь дамжиж ороод хүүг гэрт нь байлгасан. Би өөрөө хараад гэрийнхнийг нь хүлээсэн. Тав орчим минутын хүүгийн ээж орж ирсэн. Тэгээд түүнд болсон үйл явдлыг хэлсэн.
-Та өмнө нь ямар ажил эрхэлж байсан бэ?
-Би тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн хөдөлгөөн зохицуулах хэлтсийн удирдлагын төвд ажиллаж байсан. Цагдаагийн хошууч цолтойгоор гавьяаныхаа амралтад гарсан.
-Хүүхдээ гэртээ асран хамгаалагчгүй үлдээснээс болоод хүүхэд бэртэж, гэмтэх тохиолдол нэг бус удаа гарч байна. Энэ талаар та сэрэмж болгож эцэг, эхчүүдэд хандаж юу гэж хэлэх вэ?
-Бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхиж баймааргүй байна гэж хүн бүрт сануулан хэлмээр байна. Бас тэр хүүхдийн аав, ээжийг янз бүрээр хэлж, доромжлохгүй байхыг хүсэж байна. Хэнд ч өчүүхэн төдий болгоомж алдахад ийм зүйл тохиолдож болно. Хүүд болон аав, ээжид нь гэр бүлийн бүтэн жаргал хүсье. Тэдэнд сөрөг сэтгэгдэл бүү хэлээрэй гэж хүсмээр байна.
Дэлгэрэнгүйг ТВ-8 телевизийн 19:30 цагийн мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.
Сэтгэгдэл ( 2 )
Бид нэгэндээ сайхан үг хайрлаж түүнээсээ кап авч амьдарч сурах хэрэгтэй. энэ гэр бүл ямар их буян хийснийг та өөрөө ч мэдээгүй л байгаа ш тээ. гэр бүлд нь аз жаргал хүсье.БАХАРХАЖ БАЙНА.
Sain saixan delgereg. Buynaa nem gej aztai xuuxed bna