Өмнөд Солонгосын к-поп од, дуучин, жүжигчин Солли (25 настай) амиа хорлосон явдал олны анхаарлын төвд байна. Үзэгч, сонсогчдын зүгээс ирэх үгийн дайралт, өөлж гоочилж, доромжилсон цахим сэтгэгдлээс болж тэрээр олон жил депресстэй явжээ. Соллигийн сэтгэл гутрал нь даамжирснаар амиа хорлоход хүрсэн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Өмнөд Солонгосын поп соёлын шинжээч Сео Бён Ги "Дуучин бүсгүйн үхэл БНСУ-ын цахим орчин дахь харгис сэтгэгдлийн соёлыг өөрчлөх ёстойг харууллаа" гэж мэдэгджээ. Солли руу хэвлэл мэдээлэл, хувийн аккаунтуудаар нь дамжуулан үзэн ядсан сэтгэгдлүүдийг олон жилийн туршид “бөмбөгдөж”, дуучныг гүн хямралд оруулан, түүний амь насыг авч одсон гэж шинжээч үзжээ.
Солли Сөүлээс 20 км-ын зайд орших Соннамд байрлах гэртээ энэ сарын 14-нд нас барсан байсан юм. Цагдаа нар түүний үхлийн шалтгааныг тогтоохоор задлан шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа аж.
Солли олон жилийн турш, магадгүй анхаарал болгоомжгүй амьдралын хэв маягаасаа болоод хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон онлайн орчны үзэн ядалтын бай болж байв. Жишээлбэл, түүний инстаграм дээрх зургууд маш их шүүмжлэл дагуулсан сэтгэгдлүүдээр дүүрэн. “Түүнийг юу сэтгэлээр унагасныг бид мэдэхгүй. Гэхдээ тэр нэг ярилцлагадаа сөрөг сэтгэгдлүүдээс болж стрессддэг, сэтгэл гутрал, сэтгэцийн асуудалтай тулгардаг гэж хэлсэн. Бусад одтой харьцуулахад тэр маш олон сэтгэгдэл хүлээж авдаг” гэж шинжээч Сео Бён Ги ярьжээ.
Хүмүүс Фэйсбүүк гэх мэт олон нийтийн сүлжээгээр ихэвчлэн бусад хүмүүсийн амьдралыг харахыг хүсдэг, тэгээд харлуулдаг гэж шинжээч дүгнэв.
“Миний бодлоор бид онлайн соёлыг боловсронгуй биш болгосон. Өмнөд Солонгос бол ухаалаг гар утас, компьютер дээр суурилсан онлайн соёлтой хамгийн том орон” гэж Сео Бён Ги ярьжээ.
Соллиг нас барсны дараа БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Иний албан ёсны вэб сайтад Өмнөд Солонгос дахь онлайн сэтгэгдлийн системийг өөрчилж, хүмүүс жинхэнэ нэрээ ашиглан сэтгэгдэл үлдээдэг болгох, Кибер халдлагатай холбоотой хууль тогтоомжийг бэхжүүлэхийг шаардсан хэд хэдэн хүсэлт тавигджээ.
Шинжээч онлайнаар дамжуулсан сэтгэгдэл маш хор хөнөөлтэйг хэлж байна. Тэрбээр сөрөг сэтгэгдлийн хохирогч болсон бас нэг одоор 2017 оны арванхоёрдугаар сард амиа хорлосон “SHINee” хамтлагийн гишүүн Жонхюныг нэрлэв. “Залуу хүмүүст, залуу одуудад сөрөг сэтгэгдэл сэтгэлзүйн маш ноцтой дарамт учруулж байна” гэжээ.
Соллигийн талаар тэрбээр мөн “Тэр үргэлж хувь заяаныхаа эсрэг тэмцдэг байсан. Түүнд тав тухгүй, хэвийн бус нөхцөл байдал бий болсон тул хөхний даруулга зүүхээс хүртэл татгалздаг байсан. Энэ үйлдлээсээ болж Солли маш их хор хөнөөлтэй сэтгэгдлээр булуулж байсан. Тэр яагаад гэдгийг ойлгоогүй. Би мэдээж түүнийг үргэлж зөв байсан гэж хэлж чадахгүй. Гэхдээ л тэр үргэлж өөрийнхөө төлөө зогсож байсан. Миний бодлоор их зоригтой бүсгүй байсан” гэжээ.
Шинжээчийн дүгнэж байгаагаар БНСУ-д залуу одод алдаршихаасаа өмнө өөрийгөө маш сайн бясалгах хэрэгтэй ба энэ нь олны танил болсны дараах сайн, муу хандлагыг хүлээж авахад сургадаг гэнэ.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, “SM Entertainment”-ын зүгээс Соллигийн гэр бүлийнхэн энэ сарын 15, 16-нд Сөүл дэх “Северанс” эмнэлгийн оршуулгын танхимд дуучин бүсгүйд хүндэтгэл үзүүлэхийг фэнүүдэд нь зөвшөөрсөн талаар мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Burhan ygaad saihan setgeltei humuusiig awch oddog yum be
unshij bhd doosh guideggui bolgoj boldoggui ym uu?
Sulli минь та диваажиндаа сайхан нойрсоорой
vvl ni huraldaad boroo orohiin tsagt vvden hoimriin ylgaa yu bn\nvil ni ireed vhehiin tsagt hugshin zaluugiin ylgaa yu bn