С.Даваасүрэн: Угаарын хийнд хордсон гэх иргэдийн дуудлага буурч байна

2019 оны 10 сарын 21

Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн  мэдээллийг тогтмол хийж байх үүргийг өгсний дагуу өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Агаар бохирдолтой тэмцэх газраас мэдээлэл өглөө. Өнгөрөгч өдрүүдэд нийт 6 дүүргийн 3 дүүргээс 6 дуудлага ирж 16 иргэн угаартсан гэх дуудлага өгсөнөөс /9 хүүхэд, 7 насанд хүрсэн иргэн/ угаартсан гэх 7 иргэнд түргэний эмч гэрээр нь зөвлөгөө өгч, 9 хүүхдийг ЭХЭМҮТ-д хүргэн эмнэлгийн тусламж  үйлчилгээг үзүүлэн гэрт нь буцаасан байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн ”Нийслэлийн онцгой комиссын холбогдох албаны бүрэлдэхүүн тээврийн товчоодоор хяналт шалгалт явуулан ажиллахад иргэд суудлын автомашиныхаа тээшинд түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан хэд хэдэн тохиолдол гарсан. Тодруулбал өнгөрсөн шөнө 31 шуудай нүүрс оруулж ирэхийг завдсан иргэнийг илрүүлэн буцаасан, мөн түүхий нүүрс түлэх зөвшөөрөл авсан аж ахуй нэгж байгууллагуудад хяналт шалгалтыг хийж ажилласны дотор тухайн байгууллагууд яндан дээрээ шүүлтүүр байрлуулсан эсэх, шүүлтүүр нь зохих шаардлагын түвшинд ажиллаж байна уу гэдэг дээр дүгнэлт гарган ажиллаж байна” гэлээ.

Угаарын хийд хордсон гэх дуудлага цөөрч байгаа мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөний зэрэгцээ сайжруулсан түлшний зөв хэрэглээний талаархи мэдээлэл сурталчилгаа, заавар зөвлөмжийг иргэдэд тогтмол явуулж өгөхийг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас энэ үеэр хүссэн юм.

Мөн онцгой комиссоос Амгалан дахь цахилгаан станц, 2, 3, 4 дүгээр цахилгаан станцын яндан дээрхи шүүлтүүрт хяналт шалгалт тавьж ажиллахад 4 дүгээр цахилгаан станцын шүүлтүүр хангалтгүй гэх дүгнэлт гарсанаар уг шүүлтүүрээ яаралтай солих шаардлагыг тавин холбогдох арга хэмжээг авч ажиллажээ. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас агаарын чанарыг өнгөрөгч оны мөн үетэй харьцуулсан судалгааг гарган ажиллаж РМ-10 тоосонцор өмнөхөөсөө 1.-1.7 дахин бага, SO2 1.3-1.7 дахин их хэмжигдсэн гэх мэдээллийг өглөө.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top