Иргэдийн спортын наадмын шилдгүүдэд шагнал гардууллаа

2019 оны 10 сарын 22

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд Иргэдийн спортын VIII их наадам Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж байна. Спортын найман төрлөөр Буянт–Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдаж буй уг наадмын шигшээ тэмцээний нээлтийн үйл ажиллагаа /2019.10.21/ боллоо. Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа, Нийслэлийн Спортын хорооны дарга Ж.Ганболд болон тэмцээнд оролцож буй баг тамирчид оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан спортын шигшээ наадмыг нээж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ, хүндэт тамирчид аа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийг хүн амын амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны салшгүй хэсэг, амьдралын чанарыг дээшлүүлэх хэрэглүүр болгох, иргэдэд үзүүлэх биеийн тамирын үйлчилгээний нэр төрөл, цар хүрээ, хүртээмжийг дээшлүүлж, улмаар улс орны нэр хүндийг тив, дэлхийн түвшинд цуурайтуулах өндөр ур чадвартай тамирчдыг бэлтгэх нөхцөл, бололцоог бүрдүүлэхэд материаллаг бааз, техник, технологи, тоног төхөөрөмж, эрх зүй, хөрөнгө санхүүгийн орчинг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хийж байна. Цаашид бүр ч ихийг хийх болно. Мөн Нийслэлийн зүгээс дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай байгуулах, дугуйн болон явган хүний зам талбайг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн биеийн тамирын талбайг олноор байгуулах бодлого баримтлан ажиллаж байгааг энэ дашрамд дуулгая. Нийслэл хотынхоо 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн иргэдийн спортын наадмыг өргөжүүлэн оюутан залуучуудын дунд сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлөөр, иргэдийн дунд нийтийн гүйлт, дугуйн уралдаан, шатар гэсэн төрлөөр тэмцээн зохион байгуулж байна. Энэхүү уралдаан тэмцээнд нийслэлийн 100 гаруй мянган иргэн хамрагдлаа. Ингээд та бүхэнд спортын өндөр амжилт хүсэн ерөөж, Нийслэл хотын 380 жилийн ойн мэндийг дэвшүүлье” хэмээлээ.

Нийслэлийн Иргэдийн спортын VIII наадмын шигшээ тэмцээнд есөн дүүргийн 169 хорооноос шалгарсан шилдгийн шилдэг 110 багийн 2000 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцож байна.

Тэмцээний нээлтийн үеэр Нийслэлийн Иргэдийн спортын VIII их наадмыг дүүрэг, хороо, хэсэгтээ амжилттай зохион байгуулсан есөн дүүргийн хороодыг шалгаруулж, цом гардууллаа. “Шилдэг хороо”-оор Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Багануур дүүргийн 3 дугаар хороо, Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Налайх дүүргийн 2 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо тус тус шалгарсан бол “Шилдгийн шилдэг” хороогоор Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо шалгарав.

Спорт явган аялал, Оюутан, залуучуудын сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээний аваргууд тодорч, шагналаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханаас гардан авсан юм.

Оюутан, залуучуудын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байрт “Этүгэн” их сургууль, хоёрдугаар байрт “Отгонтэнгэр” их сургууль, гуравдугаар байрт Шинжлэх ухаан, технологийн их сургууль шалгарсан бол эрэгтэйчүүдийн төрөлд “Этүгэн” их сургууль нэгдүгээр байрт эзэлсэн бол удаах байруудад “Отгонтэнгэр” их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн баг шалгарч алт, мөнгөн медалийн эзэд боллоо.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top