Засгийн газар таван жилд 2.9 тэрбум ам.долларын өрийг “зовлон”-гүй төлнө

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 25

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай, Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай, Таримал ургамлын үр, сортын тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Чуулганы хуралдааны үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуулийн хугацаа нь тулсан 2020 оны төсөвтэй холбоотой горимын санал гаргав.

Тэрбээр “Хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд байсан боловч байнгын хороо хуралдаж чадаагүйгээс болоод хойшлоод байсан 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020 оны төсвийг дагасан 13 хууль болон бусад хуулийн төслүүдийг өнөөдөр хэлэлцмээр байна. Ирэх долоо хоногт төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хэлэлцэхэд өнөөдөртөө шийдэх нь ач холбогдолтой учир гишүүдийг дэмжихийг хүсэж байна” гэснээр УИХ-ын гишүүд 65.9 хувийн саналаар дэмжлээ.

Ийнхүү чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээлснээр 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11,797.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.0 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13,872.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.1 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,074.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувийн алдагдалтай байхаар тооцжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд орлого, зарлагыг нэмэгдүүлэх гэж байна. Хэрэв зарлага нэмэгдэх гэж байгаа бол нийгмийн өмнө тулгамдсан Хавдар судлалын үндэсний төвийн 19.8 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэж өгөөч. Би Ч.Хүрэлбаатар сайдыг шалтгаан тоочихгүйгээр шийдэж тусална байх гэж найдаж байна. Зарлагыг 675.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх гэж байгаа үед энэ асуудлыг ярьж болно гэж бодож байна. Энэ мөнгөнд Хавдар судлалын төвд эрчимт эмчилгээ, оношилгоо, мэс заслын тасгуудын тоног төхөөрөмж, 100 ор нэмэгдүүлэхтэй холбоотой зардал багтаж байгаа юм. Хавдар бол Монголын ард түмний өмнө тулгамдаж байгаа” хэмээхэд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засгийн өсөлт, эхний найман сарын төсвийн орлогын биелэлттэй холбогдуулан төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчилж байгаа. Учир нь төсвийн орлого нэмэгдэнэ гэж бид тооцож байгаа. Хавдрын эмнэлгийн хувьд Засгийн газар төслийг боловсруулах хугацаанд 19.8 тэрбум төгрөг огт яригдаагүй. 19.8 тэрбум төгрөгийн задаргаа нь бидэнд ирээгүй. М.Билэгт гишүүний эмнэлгийг худалдаж авах асуудал яригдсан ч ашиг сонирхлын асуудал үүсгэнэ гэж шийдсэн. Одоо энэ эмнэлгийг түрээслэх тухай асуудал орж ирж байна. Хавдар бол хүнд өвчин. Хавдрын эмнэлэгт миний ээж, аав хоёр хагалгаа хийлгэж байсан. Тийм учраас барилга түрээсэлснээр асуудал шийдэгдэхгүй. Тиймээс би асуудалд хандаж байгаа хандлагыг нь шүүмжлээд байгаа юм” хэмээн хариуллаа.

Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Монгол Улсын гадаад өр нэмэгдсэн тухай сануулаад түүнийг хэрхэн барагдуулах тухай лавласан. Тэрбээр үргэлжлүүлэн “Олон улсын валютын сангаас валютынхаа нөөцийг нэмэхийг зөвлөж байгаа. Одоогоор манай улсын валютын нөөц олон улсын аргачлалаас 1.3-2 дахин бага байна. Тэгэхээр валютын нөөц нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр юу хийхээр тусгасан бэ” хэмээн асуув. Ч.Хүрэлбаатар сайд “Бидний тооцсоноор аялал жуулчлал нэмэгдэнэ гэж тооцож байгаа. Иргэний агаарын тээврийн шинэчлэлийг хүчтэй хийж, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж байж валютаа нэмнэ. Мөн шинэ салбаруудыг гаргах ёстой. Хөдөө аж ахуйн салбарын түүхий эдийг боловсруулах чиглэлээр Засгийн газар ажиллаж байгаа. Засгийн газрын өмнө тулгамдаж байгаа асуудал бол 2.9 тэрбум ам.долларын буюу 2024 он хүртэл төлөх өр. Үүнийг ханшид нөлөөлөл үзүүлэхгүй байдлаар барагдуулах чиглэлээр ажиллаж байна. Энэ өрийг зовлонгүй зохицуулах боломжтой” гэж хариуллаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.90) 2019 оны 10 сарын 25

Бусад 4 тэрбум доллар яах юм бэ? Хувийн хэвшилийн хэдий хэмжээний зээлд засгаас баталгаа гаргасан бэ? Тээр жил Жагаагийн Марубени корпорациас авсан 18 сая долларын асуудал шиг засаг маань Лондонгийн шүүхэд дуудагдахвий дээ.

0  |  0
Top