Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Хүүхдийн эсрэг интернэт гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд олон нийтийн сүлжээ болон цахим мэдээллийн сүлжээ ашиглан насанд хүрээгүй хүүхдүүдэд садар самууныг сурталчилж, уруу татсан хоёр этгээдийг илрүүлэн шалгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйл “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах”, 12.1 дүгээр зүйл “Хүчиндэх”-ийн 4 дэх хэсэг “Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн”-т заасан гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.
Тухайлбал, дунд сургуулийн багш ажилтай, 57 настай, эрэгтэй Э гэгч сурагчдад давтлага өгөх нэрийдлээр 17 настай, эрэгтэй Э гэх сурагчийг садар самуун үйлдэлд уруу татаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан гэх хэрэг, мөн Их сургуулийн багш ажилтай, 35 настай, эрэгтэй С гэгч хуурамч фэйсбүүк хаяг ашиглан, олон удаагийн үйлдлээр 12-16 насны долоон охиныг садар самуунд уруу татаж, бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг тус тус үйлдэгджээ.
Дээрх хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, прокуророос яллах дүгнэлт үйлджээ.
Эцэг, эх, асран хамгаалагчид өөрийн хүүхдийн өдөр тутмын үйл хөдлөл, цахим хэрэглээнд тавих хяналт сул байгаагаас хүүхдүүд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэл бий болж байгааг эцэг, эхчүүд анхаарах нь чухал юм.
Гэмт этгээдүүд хуурамч фэйсбүүк хаяг ашиглах замаар хохирогчтой харилцаа холбоо тогтоож, уг харилцаагаа эцэг, эхээсээ нууцалдаг байсан, хүүхдүүд гэмт этгээдийн мэдээллийг өөрийн ангийн хүүхэд мэтээр хуурамч нэрээр гар утас болон цахим хаягтаа хадгалж байсан, гэмт этгээдийн ухуулгад автаж, харилцаагаа нууцлах оролдлого хийсэн зэрэг үйлдэл тогтоогдсоныг эх сурвалж хэллээ.
Тиймээс, иргэн танд болон таны мэдэх хэн нэгний хүүхдийг цахим орчинд үл таних этгээд садар самуун үйлдэлд уруу татах гэж оролдсон эсхүл таны мэдэх хэн нэгэн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй сэжиг таамаг байгаа бол тус хэлтсийн 51-265834 дугаарт залган мэдэгдэхийг анхааруулж байна.
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс
Сэтгэгдэл ( 1 )
Садар самуун монголоор дүүрчээ,,,,новш гэж!!