Шүүхийн ерөнхий зөвлөл “Гэрэгэ системс” ХХК-тай хамтран улсын тэмдэгтийн хураамжийг КИОСК машинаар төлөх үйлчилгээг шинээр нэвтрүүлж байна.
Хамгийн их ачаалалтай буюу Нийслэлийн төвийн зургаан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Шүүхийн төрөлжсөн архивт энэ цахим төлбөрийн систем эхний ээлжид нэвтрүүллээ. Иргэн, хуулийн этгээд Иргэний болон Захиргааны хэргийн шүүхээр эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр улсын тэмдэгтийн хураамж төлөхийн тул харъяа дүүргийн татварын байгууллага руу очиж “Татварын нэхэмжлэх” гаруулан авч, энэ “Татварын нэхэмжлэх”-н дагуу банкинд дугаарлан гүйлгээ хийн баримтыг шүүхэд өгдөг байсан. Энэ нь цаг алдах, хүнд суртал үүсгэхээс эхлээд шүүмжлэл дагуулдаг байсан.
Харин энэхүү систем нэвтэрснээр шүүхийн байранд байрлах киоскоор болон киоск байрлаагүй шүүхийн хувь ойролцоо байрлах аль нэг киоскоор улсын тэмдэгтийн хураамжийг хэдэн секундийн хугацаанд төлж шууд шүүхэд хандах боломжтой боллоо. Шүүх болон төрийн бусад үйлчилгээний төлбөр төлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой “Гэрэгэ” киоск нь Улаанбаатар хотод 50 цэгт байрлаж байгаа юм. Тухайн киоск нь бүх банкны карт унших болно. Хэрвээ та бэлэн мөнгөөр үйлчлүүлэх бол киоск машины мэдээлэл сурталчилгааны ажилтанд хандах боломжтой юм. Харин цахилгаан тасарсан үед киоск ажиллах боломжгүй юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
аймгуудад бас байршуулмаар байхюм улсын тэмдэгтийн хураамж төлөх гэж банканд оочирлох хэрэг гарах юмаа