Иргэний ерөнхий хяналтын сонсгол явагдаж байна

2019 оны 11 сарын 04

“Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, анхаарах зарим асуудал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2019.11.04/ Нийслэлийн Иргэний танхимд болж байна. Хуралдааны эхэнд сонсголд оролцогчид болоод сонсголын дэг зэргийг сонсгол даргалагч, НИТХ-ын дарга Р.Дагва танилцууллаа.

Олон нийтийн нээлттэй сонсголыг нээж хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Сонсголд оролцож байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Засгийн  газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, сайжруулсан түлшний хэрэглээг хэвшүүлэхийн тулд айл өрхүүдэд зөвлөмж, зөвлөгөө өгөх, мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлж буй нийслэлийн 90 гаруй агентлагийн 3000 гаруй ажилтан алба хаагч, нийслэлийн зургаан дүүргийн хэсэг хороодын ажилчид гээд бид хүчээ нэгтгэн ажиллаж байна. Цаашид бидэнд анхаарах олон асуудал байсаар байна. Үндэсний хэмжээнд гамшиг болоод буй утааны эсрэг энд бид “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэгчлэн олон нийтийн нээлттэй сонсголыг анх удаа зохион байгуулж байгаа нь эрдэнэт хүний амь нас дахин эрсдэхгүй байх утааны эсрэг явуулж буй том гарц гаргалгаа болж байна. Та бүхний өнөөдрийн хэлэлцүүлэгт өндөр амжилт хүсье” хэмээв.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан энэхүү нээлттэй сонсголд Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар танилцууллаа. Мөн шинжээч судлаач Б.Авирмэд, Б.Дөлгөөн, Б.Энхбаатар, Ү.Амарбат нар сайжруулсан түлшний талаар олон талаас нь судалгаа, дүн шинжилгээ хийсэн бүтээлээрээ илтгэл тавьж байна. Нээлттэй хэлэлцүүлэг иргэдийн санал хүсэлтээр өнөөдөр 15 цаг хүрэл үргэлжилнэ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top