Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар /2019.11.05/ Богд хааны ордон музейн дэргэдэх Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж ажиллалаа.
Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Сензо” констракшн компани ажиллаж байгаа юм. Нийт 1.4 га талбайд тохижилт хийж байгаагаас 5615 ам метр явган хүний зам, 6320 ам метр зүлэгжүүлсэн талбай, 144 ам метр талбайд цэцгийн мандал байгуулах аж. Мөн цэцэрлэгт хүрээлэнд наймдугаар Богд Жавзандамбын хөшөө, “Мөнх тэнгэрийн хүчин дор” баримал, “Цагаан шонхор” хэмээх эртний Монголын сүлд баримал, түүхэн олдворуудын дээжсээс бүрдсэн нийт 13 баримал сүндэрлэх юм байна.
“Хөшөөнүүдийг өчигдрөөс эхлэн цэцэрлэгт хүрээлэнд суурилуулж эхэлсэн. Төлөвлөгөө, зураг төслийн дагуу бүтээн байгуулалт, цэцэрлэгжүүлэлтийн ажил хийгдэж байна” гэж “Сензо” констракшн ХХК-ийн талбайн инженер М.Дашням ярилаа.
Хотын Захирагч С.Амарсайхан “Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажилд шаардлагатай бүх асуудлыг шийдвэрлэсэн. Энэ онд Богд хааны мэндэлсний 150 жилийн ой тохиож байна. Тиймээс энэ жилдээ багтаан цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтад оруулах шаардлагатай” гэлээ.
Цэцэрлэгт хүрээлэнг байгуулах зураг төсөл 2009 онд батлагдан, нийт 14.470 ам метр талбайн 8000 ам метр талбай буюу цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын хэсгийг “Ван Трейд” компанийн мэдэлд байсан байна. Газрын маргаантай байсан асуудлыг хотын Захирагч С.Амарсайхан өнгөрөгч наймдугаар сард шийдвэрлэснээр холбогдох байгууллагууд газрын асуудлыг шүүхээр шийдүүлэхээр болж, тохилтын ажил саадгүй хийгдэх боломж бүрдсэн юм.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )