"Тэнгис" кино театрын хойд талд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2019 оны 11 сарын 07

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас нийслэлийн хэмжээнд энэ онд хийгдэж буй болон ирэх онд хийхээр төлөвлөсөн тохижилт, ногоон байгууламжийн талаар Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Э.Тэмүүлэн, Б.Батцолмон нар /2019.11.06/ мэдээлэл хийлээ.

“Өнгөрсөн онд 340 гаруй га талбайд томоохон цэцэрлэгт хүрээлэн энэ онд 66 га цэцэрлэгт хүрээлэн нэмж хийгдэхээр төлөвлөгдсөн. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн нутагт байрлах Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд томоохон хэмжээний спорт талбай байгуулах ажил эхлээд явж байна. Мөн барилгажаагүй удсан “Тэнгис” кино театрын хойд талын газрыг нийслэлийн Засаг даргын захирамжаар чөлөөлж бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил хийгдэж байна” хэмээн нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Э.Тэмүүлэн ярилаа.

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас ирэх онд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах таван бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Дамбадаржаа болон Чингэлтэй хайрханд уулын дугуйн болон явган аялал, ногоон байгууламж бүхий аяллын цогцолбор байгуулах аж. Мөн Сэлбэ гол, Дамбын булаг орчмын тохижилт аялал зугаалгын төв, Дарь-Эхэд цэцэрлэгт хүрээлэн соёл, спортын цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top