Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “10000 програмист төсөл хэрэгжүүлэх тухай”, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай”, “Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөн зохион байгуулах тухай” зэрэг асуудлыг хэлэлцэв.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал танилцуулав.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаас хойшхи 25 жилийн хугацаанд нийслэл хотын үйл ажиллагаа бүхий л салбарт байнга өргөжин хөгжиж ирсэн. Улаанбаатар хотын хүн амын хэт өсөлт нь хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, замын хөдөлгөөний түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон тул төрөөс оновчтой бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 10 бүлэг, 36 зүйлтэй бөгөөд төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлтийг тусгасан. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, хэм хэмжээнд нийцсэн бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан холбогдох зарим хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Зөвлөлийн гишүүд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа хэлж, НИТХ-д танилцуулахаар болов.
“10.000 програмист төсөл хэрэгжүүлэх тухай” танилцууллаа
Зөвлөлийн хуралдаанд танилцуулгыг Нийслэлийн инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат хийсэн юм.
Төслийн зорилго нь Монгол Улсын мэдээлэл технологийн салбарын өрсөлдөх чадварыг дэлхийн түвшинд дээшлүүлэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, чанарыг сайжруулах замаар өндөр мэдлэг, ур чадвар бүхий мэдээлэл технологийн (IT) мэргэжилтэн бэлтгэх, цаашлаад Төв Ази, Хойд Азийн бүс нутгийн “Цахиурын хөндий”-г байгуулж, технологийн салбарын туршлага, боломжуудыг ашиглаж мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлж, эдийн засгийн томоохон салбар болгон өргөжүүлэх юм. Төслийн хүрээнд шат дараатай олон үйл ажиллагаа хэрэгжүүлнэ гэж тэрбээр танилцуулгадаа онцоллоо.
Зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцэн дэмжсэн юм. Төсөл хэрэгжүүлэхэд гарах үр дүнгийн талаар болон бусад үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг нэмж тусган НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр боллоо.
Баянгол, Баянзүрх дүүргийн зарим хороог хуваах нь зүйтэй гэж үзлээ
Баянгол, Баянзүрх дүүргийн Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөн зохион байгуулах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа “Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн дүүргүүдийн хороодын хүн амын ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор өрх, хүн ам, газар нутгийн хэмжээг харгалзан зарим засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах шаардлагатай байна. Баянгол дүүргийн 1, 3, 4, 20 дугаар хороо болон Баянзүрх дүүргийн 4, 5, 8, 16, 26 дугаар хорооны иргэдээс хороо хуваах санал ирсэн. Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хувааж, шинээр хороо байгуулснаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай, саадгүй хүргэж, ажил үйлчилгээний чанар, хүртээмжид ахиц дэвшил гарна” гэж мэдээлэв.
Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, Баянгол дүүргийн 1, 4, Баянзүрх дүүргийн 5, 8 дугаар хороог хуваах, өөрчлөн зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )