Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газрыг тэргүүлж байхдаа өөрийн хамаарал бүхий "Хаан жимс Эс Би Ти" ХХК-иараа дамжуулан Тариалан эрхлэгчдийг дэмжих сан /ТЭДС/-гаас долоон жилийн хугацаатай хүүгүй зээл авсан талаар сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ tvmongolia.mn сайтдаа нийтэлсэн байдаг. Энэ мэдээллийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ор үндэслэлгүй, гүтгэлгийн чанартай мэдээлэл тараасан хэмээн сэтгүүлчийг шүүхэд өгсөн юм.
Дээрх асуудлаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүх энэ сарын 20-нд хуралдаж, сэтгүүлч Д.Оюун-Эрдэнийг бусдын нэр хүндэд халдаагүй гэж үзсэн. Гэвч Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг давж заалдсан бөгөөд Нийслэлийн шүүхээс Н.Алтанхуягийн талд шийдвэр гаргажээ.
Энэ асуудлаар сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ “Би тухайн нийтлэлээ баримттай бичсэн. Баримттай бичсэн байсан учраас давж заалдах шатны шүүх миний талд шийдвэр гаргана гэсэн итгэлтэй байсан. Харамсалтай нь бичсэн материалд дурдагдсан үнийн дүнг буруу мэдээлсэн гэдэг асуудал яригдлаа. Миний гол бичсэн зүйл нь их, бага зээл авахдаа бус Ерөнхий сайд хүн хүүгүй зээл авсан нь ёс зүйн хувьд байж боломжгүй зүйл учраас нийтлэл бичиж гаргасан. Энэ хүн өөрийгөө огт зээл аваагүй гэж олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө хүртэл хэлдэг. Гэтэл зээл авсан нь тогтоогдсон. "Хаан жимс Эс Би Ти" ХХК хүүгүй зээл авсныг Н.Алтанхуяг мэдээгүй гэж байгаа. Гэтэл Н.Алтанхуяг энэ компанийн 30 хувийг, сүүлд бүр 40 хувийг эзэмшдэг болсон.
Хүүгүй зээл авахад Н.Алтанхуяг нөлөөлсөн байх магадлал байгаа. "Хаан жимс Эс Би Ти" ХХК хөнгөлөлттэй зээл авахаар тендерт оролцох үедээ жимс, жимсгэнэ тариалах үйл ажиллагааны зөвшөөрөлгүй байсан. Зээл авснаасаа хойш үйл ажиллагааны чиглэлдээ нэмэлт оруулсан байдаг. Энэ мэт хууль зөрчсөн асуудлууд байна. Шүүх дээр маргаантай байгаа учраас энэ талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй юм. Миний хамгийн их шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хүүгүй зээл авчихаад, зээл аваагүй гэж байгаа нь эгдүүцлийг хүргэж байна. Хэдэн төгрөгийн зээл авсан нь хамаагүй. Тухайн компани хүүгүй зээл авсан нь чухал юм. “Хаан жимс Эс Би Ти" ХХК хүүгүй зээл авснаар үйл ажиллагаа өргөжүүлсэн. Хэрэв хүүгүй зээлээр компанийнхаа үйл ажиллагааг өргөтгөөгүй юм бол хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлах ёстой” гэлээ.
Сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ Улсын дээд шүүхэд хандах юм байна. Түүний өмгөөлөгчөөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн хуулийн зөвлөх Г.Балжидмаа ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )