Чингэлтэй дүүргийн VII хорооны 11, 12, 13, 14, 15 дугаар гудамжинд хэрэгжүүлж буй эхний загвар төслийн ажил дуусч, өнөөдөр нээлээ. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн ИТХ-д тус хорооноос сонгогдсон төлөөлөгч Н.Батсүмбэрэл болон бусад албаны хүмүүс, иргэд оролцов.
Чингэлтэй дүүргийн VII хороо нь Улаанбаатар хотын гэр хорооллын хамгийн их нягтралтай хэсгүүдийн нэг. Төслийн хүрээнд 14 га газарт "Дэд бүтцийн төв" төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Эл төслийн хүрээнд тухайн хорооны гудамжийг жишиг болгон тохижуулж, авто болон явган зам тавьж, ногоон байгууламж, хиймэл нуур байгуулан, орчныг нь иж бүрэн гэрэлтүүлэг, камертай болгож буй. Мөн гэр хороололд байгуулсан анхны цэвэрлэх байгууламжийг Чингэлтэй дүүргийн VII хороонд "Дэд бүтцийн төв" төслийн хүрээнд барьж, ашиглалтад оруулж байна. Үр дүнд нь өнөөдөр 200 өрх дулаан, цэвэр, бохир усны шугамд холбогдов.
УИХ-ын дарга Г.Занданшатар нээлтийн ажиллагааны үеэр “Өнөөдөр нийслэлчүүдийн хувьд нэг том дэвшил, нэг том бүтээн байгуулалтын эхлэл тавигдаж байна” гээд утааг бууруулах ажлыг эрчимтэй өрнүүлсний үр дүнд нийслэлчүүд утаагүй өвөлжих гэж буйг онцолсон. Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан дэд бүтэц хөгжсөн, орон сууцанд амьдарч буй мэт ая тухтай, сайхан орчныг бүрдүүлсэн, агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг нь эл “Дэд бүтцийн төв” болж байна” гэв.
Тус хорооноос сонгогдсон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл “Өөрийн өмчлөлийн газарт байшин бариад, дулаанаа аваад, цэвэр бохир усны шугамд холбогдоод тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлж байгаа энэ ажил бол 21 дүгээр зууны соёлын хувьсгал юм. Өнөөдрийн төр засгийн хийсэн хоёр том алхмын нэг нь утаатай тэмцсэн ажил. Хоёр дахь нь өнөөдөр нээж байгаа “Дэд бүтцийн төв”-ийн бүтээн байгуулалт юм. Иргэд газраа зарахгүйгээр, орон сууцаар солихгүйгээр газар дээрээ байшин барьж, инженерийн дэд бүтцэд холбогдож амьдарснаар хотжилтын алдааг засаж байгаа юм. Дэд бүтцийн төвийг Улаанбаатар хотын олон байршилд барина. Өнөөдөр нээж байгаа төв бол эхлэл нь” хэмээсэн юм.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХ
Сэтгэгдэл ( 0 )