ИДЭШНИЙ ЦАГ: Үхрийн мах 6000-8000 төгрөгийн үнэтэй байна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 14

-ХОТЫНХООС АЙМГИЙН ТӨВҮҮДЭД ҮХРИЙН МАХНЫ ҮНЭ КГ НЬ 1000 ТӨГРӨГӨӨР ХЯМД БАЙНА-

Хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд хот, суурин газрынхан өвлийн идшээ базаахаар зэхэж эхэлжээ. Малчдаас шүдлэн, хязаалан үхэр, сувай үнээ, нас гүйцсэн шар, бага адуу, гүү сураглах болсон байна. Өвлийн улирал хаянд ирсэн ч малчид хараахан идшээ хийж эхлээгүй, цөөн тоогоор мал, махаа борлуулж байгаа ажээ. Нөгөөтээгүүр “Хүчит шонхор”, “Эмээлт” захуудад махны үнэ аймгуудын худалдааны төвд авч буй ченж нарын үнээс өндөр үнэтэй байгаа учраас малчид махаа хот руу оруулж борлуулах сонирхолтой байдаг байна. Өвлийн идэш ямар үнэтэй байгаа талаар сонирхлоо. Хотынхоос аймгийн төвүүдэд үхрийн махны үнэ 1000 төгрөгөөр хямд байна. Мөн аймаг орон нутагт мах, малын үнэ харилцан адилгүй байлаа. Үнийн хувьд аймгийн төвүүдэд үхрийн мах дунджаар 6000 төгрөг, адуу 5000-5500 төгрөгийн  үнэтэй байна. Харин “Хүчит шонхор”, “Эмээлт” болон Төв аймгийн худалдааны төвд үхрийн мах 7000-8000 төгрөгийн үнэтэй байгаа ажээ.

Зарим аймгийн төвд махны худалдаа эрхэлж буй ченж нараас махны бөөний үнэ сонирхлоо.

Төв аймагт худалдаа эрхлэгч О.Баасандорж: 

-Хөдөөнөөс аймгийн төв рүү мал, мах борлуулж байгаа малчид цөөн байна. Хараахан өвлийн идшээ бэлтгэж эхлээгүй байгаа бололтой. Ирж байгаа малчид нь ченж нарт махаа борлуулахаасаа илүүтэй өөрсдөө автомашинтайгаа зогсож зарах сонирхолтой байдаг. Малчид үхрийн махаа кг-ийг нь 8000 төгрөгөөр, адууны махаа 7000-7500 төгрөгөөр борлуулж байна. Махны худалдаа эрхлэгчид малчдаас дээрх үнээс кг-ийг нь 500 төгрөгөөр арай хямд авч энэ үнээр зарж байгаа байх. Ер нь манай аймагт махны үнэ өндөр байгаа. Харин үхрийн арьс 4000 төгрөг, адууны шир 8000 төгрөгийн үнээр авч байна. 

Архангай аймгийн төвд худалдаа эрхлэгч Т.Отгонжаргал:

-Мах аймгийн төв рүү бага орж ирж байна. Үхрийн мах бөөний үнэ нь 6000, адууны мах 4800, хонь 4700, ямааны мах 4200 төгрөгийн үнэтэй байна. Нэг хэсэг махны үнэ буурсан ч саяхнаас эргээд өсөх хандлагатай байгаа. Харин үхэр, сарлагийн шир 4000 төгрөг, адууны шир 8000 төгрөгийн үнэтэй байна.

Дундговь аймгийн төвд худалдаа эрхлэгч Т.Бадамцэцэг:

-Манай аймгийн төвд хонины мах кг нь 5500, ямааны мах 4800 төгрөгөөр худалдаалж байна. Үхрийн мах бөөний үнэ кг нь 5500, адууны мах кг нь 5200 төгрөгийн үнэтэй байгаа. Өвлийн идшинд 150 кг жинтэй бага үхрийн мах авлаа гэхэд 800 мянган гаруй төгрөг болох жишээтэй.

Өвөрхангай аймгийн Тарагт сумын малчин Б.Болдбаатар:

-Цас орсон учраас одооноос малчид идшээ хийж эхлэх байх. Өчигдөр манай айлын хүн хоёр үхэр, хэдэн хонь гаргаад аймгийн төв рүү борлуулахаар явсан. Арвайхээрт үхрийн мах бөөний үнэ нь 6500, хонины мах 5000 төгрөгийн үнэтэй байгаа дуулдсан. Малчид идшээ хийж, хот суурин газрынхаа идшиндээ мах аваад ирэхээр үнэ нь жаахан буурах байх. Зарим малчин айл махны үнэ буухаас өмнө махаа борлуулах сонирхолтой учраас малаа эрт төхөөрөх нь бий. Аймгийн төв, хотынхон нийлээд малчдын хотноос ирээд мал, махаа авбал бид арай бага үнээр өгч таарна.

Хөвсгөл аймгийн төвд худалдаа эрхлэгч н.Энхбат:

-Малчдаас үхрийн махыг бөөнд нь 5800 төгрөгөөр худалдаж авч байна. Адууны мах мөн ийм үнэтэй байгаа. Хонины мах 4000-4500 төгрөгийн үнэтэй хэлбэлзэж байна. Дээрх үнээр малчдаас махаа аваад нэг кг маханд 100-200 төгрөгийн үнэ нэмж борлуулдаг.

Мал, махны худалдаа эрхлэгчид ийм мэдээллийг өгч байна.

Өвлийн идэшний үе ирэхэд хонь, ямаа, адууны махны үнэ буурах хандлагатай байдаг бол идэшний үхэр эсрэгээрээ үнэд хүрдэг байна. Булган аймгийн Тэшиг суманд шүдлэн үхэр 800 мянгаас нэг сая төгрөг, хязаалан болон нас биед хүрсэн шар нэг сая төгрөгөөс дээш үнэтэй байгаа ажээ.

Өвөрхангай аймагт шинээр махны үйлдвэр байгуулагдсан бөгөөд махны үнэ тогтвортой байгаа аж. Арвайхээр хотод үхрийн мах кг нь 6500, адууны мах 5000, хонины мах 5000 төгрөгийн үнэтэй байна.

Махны бөөний худалдааны үнэ сонирхоорой 

 

Зах болон аймгийн төвүүд

Үхэр /кг/

Адуу /кг/

Хонь /кг/

Ямаа /кг/

“Хүчит шонхор” төв

7000

6000

 

 

“Эмээлт” зах

6500

6000

 

 

Архангай

6000

4800

4700

4200

Дундговь

5500

5200

5500

4800

Хөвсгөл

5800

5800

4000-4500

 

Өвөрхангай

6500

5000

5000

4500

Төв

8000

7000-7500

5500

 

Хэнтий

6000

5200

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.24.11) 2019 оны 11 сарын 14

ZASS YAMAR ERTNII HUI NEGDELD BAIGAA BISHDEE HAA SAIGUI DELGUUR BAIHAD,HEREGTEI BOLOROOD 500GR MAH AVNA BIZ

0  |  0
matilda(197.234.221.3) 2019 оны 11 сарын 14

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 22 995 41 4913

0  |  0
Top