Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы санаачилгаар Улаанбаатар хотод тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгох, улмаар мөрдүүлж, хэвшүүлэх зорилтын хүрээнд “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөн өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд болж байна. Тус зөвлөгөөнийг нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын 500 гаруй төлөөллүүд оролцож байна.
Зөвлөгөөний эхэнд Хотын Захирагч С.Амарсайхан “Нэг хот- Нэг стандарт” сэдэвт илтгэл тавьж, Улаанбаатар хотыг зөв бодлогоор тогтвортой хөгжүүлэхэд дан ганц хотын удирдлага, албан тушаалтнууд бус хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн оролцоо чухал” гэдгийг онцолж хэлсэн юм. Тэрбээр “Хотын хөгжлийн бүх салбар, чиглэл, үйл ажиллагааны үешат бүхэнд олон улсын жишигт нийцсэн стандартыг мөрдүүлж тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх эхний ажлыг энэ зөвлөгөөнөөр эхлүүлж, 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэлд тусгах болно.Улаанбаатар хотын өмнө тулгамдсан бүх асуудлыг даван туулах хөгжлийн гүүр нь ганцхан стандарт байна. Аливаа ажлыг гүйцэтгэхэд стандартын дагуу хийж хэрэгжүүлэхгүй байгаа учраас эрсдэл, үл ойлголцол, нийгмийн бухимдал, төсвийн үр ашиггүй зардал зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгарч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрх зөрчигдөж байна.Тиймээс 2020 оныг стандартыг мөрдүүлэх, хяналт тавьж ажиллах жил болгон зарлаж, нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын албан хаагчдыг хийж буй ажилдаа хариуцлагатай хандах ёстой” хэмээсэн юм.
Өнөөдрийн зөвлөгөөнөөр “Стандартын тухай ерөнхий ойлголт” сэдвээр Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Н.Батжаргал, “Хотын тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгож мөрдүүлэх, хэвшүүлэх шаардлага” сэдвээр нийслэлийн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэх аж.
Ирэх 2020 оноос төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэд хотын стандартын хэрэгжилтийг хангаж, хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллах зорилт тавьж байна. Ингэснээр Улаанбаатар хот дэлхийн жишгээр хөгжиж, хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх аж.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )