УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон 63 гишүүнээс 63 гишүүний буюу 100 хувийн саналаар баталлаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг бүхэлд нь баталъя гэсэн саналаар илээр гар өргөж, санал хураалт явуулан санал өгсөн гишүүдийн нэрсийг УИХ-ын дарга Г.Занданшатар дуудан зарласан юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлах санал хураалтад МАН-ын гишүүдээс гадна бие даагч С.Жавхлан, ШИНЭ намын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар оролцсон бол АН-ын гишүүд хэлэлцүүлгийн явцад танхимыг орхин гарав.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсныхаа дараа УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлт батлагдлаа. 20 гаруй жил яригдаж, сүүлийн гурван парламент дамжин идэвхтэй өрнөсөн, дөрвөн төсөл өргөн баригдсан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, төрийнхөө ирээдүйн зам мөрөө тэгшлэн засах олон хүний хүсэл эрмэлзэл ажил хэрэг боллоо. Олон түмний сонголтоор байгуулагдсан долоо дахь удаагийн УИХ энэ үйл хэргийг гурван жилийн турш хэлэлцлээ. Нэмэлт, өөрчлөлтийн төсөл өргөн баригдсанаас хойш УИХ дөрвөн сарын турш тасралтгүй хэлэлцэж, зуны сард ч завсарлагагүй ажилласан. Энэ хугацаанд чуулганы болон байнгын хорооны хуралдаанаар төслийг 36 удаа, 105.9 цаг хэлэлцжээ. УИХ-ын гишүүд төслийн танилцуулгыг орон нутагт зохион байгуулж, иргэдээс 306 мянган санал авсан байна. Төрийн ордонд олон өдөр үргэлжилсэн хэлэлцүүлгүүдээр улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдаас 600 гаруй санал гарсан. Эдгээр санал бүрийг нухацтай авч үзлээ. Өөрөөр хэлбэл, нийгмийн зөвшилцлийг хангаж, өргөн хүрээг хамруулан баталж байгаа юм. Энэ үйл хэрэг амар байгаагүй. Бэрхшээл саад тохиолдсон гэхээсээ илүү эх орон ард түмнийхээ ирээдүйг бодсон хичээнгүй зүтгэл, нөр их хөдөлмөрийг шаардсан ажил байлаа. Ойлголцол зөвшилцлийг гүнээ эрхэмлэж, түмний төлөөх үйл хэрэгт хүлцэн тэвчих, нэгдэн хамтрах зарчмыг баримталсан. Төсөлд санал ирүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын эрхэм гишүүд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудад гүн талархал илэрхийлье. Энэ үйл хэрэг бүтэмжтэй сайн байгаасай хэмээн харуулдан суусан Монголынхоо нийт ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эрхэм нөхөд өө, бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нам, улс төр, бүлгийн эрх ашгаас ангид зөвхөн Монгол Улс, Монголын ар түмний язгуур эрх ашигт нийцэж байх тулгуур зарчмыг баримталсан. Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр бол боломж, маргааш бол бэлэг гэж М.Ганди хэлсэн байдаг. Тиймээс өнгөрсөндөө суралцаж, өнөөдрийн түүхэн боломжийг ашиглаж, маргаашийнхандаа бэлэг барих ёстой гэж бид үзсэн юм. Энэхүү нэмэлт, өөрчлөлт нь төр тогтвортой, түмэн амгалан, засаглал нь тогтвортой, шүүх нь хараат бус, нутгийн удирдлагын тогтолцоо нь байх суурь болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан Үндэсний баялгийн тухай хууль, Сонгуулийн тухай хууль зэрэг 30 шахам хуульд өөрчлөлт орж, нийгэмд шударга ёс, төрд шударга ёс баттай ноёрхох суурийг тавих болно. Үр дүнд нь шударга ёс хариуцлага сахилга бүх шатанд хэвшсэн, хүний хийгээд нийгмийн хөгжилдөө зориулагдсан хөгжингүй улс орон болно гэдэгт эргэлзэхгүй байна. Үндсэн хуулиа сахин дагаж, шинэ нэмэлт, өөрчлөлтийг сайн цагийн уриа дуудлага хүлээн авч хамтран зүтгэхийг уриалъя. Монголоо Монголоор нь үлдээж, монгол түмнээ мохоохгүйн төлөөх эрхэм зорилго энэ өөрчлөлтөөр хэрэгжих болно. Эцэг өвгөдийн бидэнд өвлүүлсэн эрдэнэсийн эх орондоо амар түвшин, аз жаргалтай амьдран суухыг л ард түмэн хүсч байгаа. Энэ хүсэмжлэлийг төр биелүүлэх ёстой. Мөнх тэнгэрийн дор Монгол орон мөнх оршиж, Сэргэн мандан хөгжин бадрах болтугай” хэмээлээ.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс 2019 оны зургаадугаар сарын 6-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ 2019 оны наймдугаар сарын 28, 29, есдүгээр сарын 4, 5, 7-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж, хэлэлцүүлгийг амжилттай хийж дуусгасан байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг, хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай 73 дугаар тогтоол баталсан. Улмаар 2019 оны есдүгээр сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчөөс УИХ-ын 73 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг 2019 оны аравдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн хүлээн авах нь зүйтэй гэж үзэж хоёр дахь хэлэлцүүлгээр дэмжигдсэн 19 зүйл, 35 заалт бүхий төслийг 3 дахь хэлэлцүүлэгт оруулах хууль зүйн үр дагавар үүссэн. Ингэснээр УИХ төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн билээ. Төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд УИХ-ын даргын 199 дүгээр захирамжаар байгуулагдсан Зөвшилцлийн ажлын хэсэг ажиллаж, АН-аас ирүүлсэн “Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах зэрэг саналыг зөвшилцөн оруулж ирсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )