Жил бүрийн он гарахын өмнө болдог хамгийн том арга хэмжээнүүдийн нэг бол яах аргагүй "ГОЁЛ" наадам. 32 дахь удаагийн "Гоёл" наадам арваннэгдүгаар сарын 30-нд болох гэж байна. Тус наадмыг Монголын дизайнеруудын холбоо зохион байгуулдаг. Жил ирэх тусам чанаржиж, хүрээгээ тэлж буй наадмын талаар "Гоёл 2019" наадмын топ моделт Н.Сарнай, "Гоёл 2016" наадмын дэд байрын шагналт, загвар өмсөгч А.Сайхантамир нартай ярилцлаа.
-Олон жил дараалан оролцсон моделиудын хувьд "Гоёл" наадмын тухай сэтгэгдэл, дурсамж багагүй байгаа байх. Та бүхний хувьд догдлон хүлээдэг онцгой өдөр шүү дээ?
Н.С: Өнгөрсөн жилийн "Гоёл" наадам мөн адил арваннэгдүгээр сарын 30-нд болж байсан. Нэг л мэдэхэд жили өнгөрсөн байна. Цаг хугацаа их хурдан өнгөрчээ. Саяхан л “Отгон топ” гэж дуудуулж байсан бол одоо шинэхэн топ модель тодрох мөч ойртсоор. Арваннэгдүгээр сарын 10-нд эхний шатны шалгаруулалт болж өнгөрсөн. Загвар өмсөгчид маань бэлтгэлдээ гарчихсан, зохион байгуулагчид нэлээд завгүй, наадмын бэлтгэл ажил ид дундаа өрнөж явна. Жил бүрийн "Гоёл" наадмаас олон шинэ, залуу модель, загвар өмсөгчид төрдөг.
-Таны хувьд хэд дэх жилдээ "Гоёл" наадамд оролцох гэж байна вэ?
Н.С: 2005 оноос Монголын дизайнеруудын холбоонд гэрээт загвар өмсөгчөөр ажиллаж эхэлснээсээ хойш 15 дахь жилдээ оролцох гэж байна.
-Монголын загварын чиг хандлага, загвар өмсөгчдийн түвшин жил ирэх тусам чанаржиж байна. Оролцож байгаа загвар өмсөгч, дизайнеруудад тавьдаг шаардлага бий юу?
А.С: 1988 оноос хойш Монголын дизайнеруудын холбоо жил бүр тасралтгүй зохион байгуулсаар наадам маань 32 жилийн түүхийг бүтээжээ. Монголын хувцас, загварын трэнд, чиг хандлагыг энэ наадмаар тодорхойлдог гол арга хэмжээ гэж хэлж болно. Тиймээс ч тухайн жилийнхээ онцлогийг шингээсэн наадам болдог. ОХУ, ӨМӨЗО олон чадварлаг дизайнерууд, моделиуд наадмыг зорьж ирдэг болсон. Зөвхөн "Гоёл" наадамд оролцохын тулд моделиуд олон сарын бэлтгэлээ зориулдаг. Миний хувьд ч ялгаагүй.
-Наадмын шалгаруулалт хэрхэн явагддаг талаар мэдээлэл өгч болох болов уу?
Н.С: "Гоёл" наадмын зохион байгуулагч, удирдлагууд шалгаруулалтыг шүүсээр ирсэн. Харин наадамд олон жил оролцсон, туршлагатай моделиудын хувьд шинэ загвар өмсөгчдийг бэлтгэхэд анхаарал тавьдаг. Загвар өмсөгчдийн хувьд биеийн харьцаа, жин, өндөр гэх мэт зүйлс цензур болж өгдөг гэж хэлж болох ч загварын алхааг бүрэн эзэмшчихсэн, өөрийгөө тайзан дээр илэрхийлж чадах ямар ч охидод "Гоёл" наадмын үүд хаалга, тайз нээлттэй. Олон жил тасралтгүй зохион байгуулагдсан наадам учир өндөр шалгууртай байх гэдэг гэсэн ташаа ойлголт залуу загвар өмсөгчдийн дунд байдаг байж магадгүй. "Гоёл"-оос үе, үеийн шилдэг загвар өмсөгчид төрж гардаг учраас нээлттэй байхыг зорьдог.
-Монгол дизайнерууд их мэдрэмжтэй болж байна. Үүнд "Гоёл" наадмын оруулсан хувь нэмэр ч багагүй байгаа байх?
Н.С: Тийм шүү. "Гоёл" наадам топ модель шалгаруулдаг ч үндсэндээ дизайнеруудын уралдаан. Монгол туургатныг хамарсан хамгийн том загварын шоу. Орчин үед өөрийн гэсэн загварын шоугаа хийдэг болсон, хүлээн зөвшөөрөгдсөн дизайнерууд ихэнх нь л "Гоёл" наадмаас төрж гарсан байдаг. Энэ наадамд оролцсон хүн бүр маш их зүйл сурдаг. Өрсөлдөөн бий учраас хөгжих боломж ч байдаг.
-Наадмын шагнал онцлогтой санагддаг?
А.С: "Гоёл" наадмын шагнал дахин давтагдашгүй байдаг гэдгээрээ онцлогтой. Тухайн жилийнхээ онцлогоос хамаарч хувьсан өөрчлөгддөж байдаг. Шилдэг эрэгтэй, эмэгтэй загвар өмсөгч, топ моделийн шагнал харин уламжлал ёсоор тодорсон хэвээр байна байх. Зарим жилд дэд байрын шагнал, зарим жилд фото шагналыг гардуулдаг.
-Наадмаар болох загварын долоо хоногийн үзүүлбэрийг хувцас, загвар сонирхогч үзэгчид үзэх боломжтой юу?
А.С: Мэдээж, үзэгчдэд нээлттэй. Арваннэгдүгээр сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Загварын долоо хоног болно. Энэ үеэр дизайнеруудын коллекцийг танилцуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг наадмын пэйж хуудаснаас авах боломжтой.
Н.С: Энэ дашрамд "Гоёл" наадмыг ашиг, орлого олохоос илүүтэй үндэсний брэнд болтол нь 32 жилийн турш тасралтгүй, амжилттай зохион байгуулж ирсэн наадмын удирдлагууддаа талархал илэрхийлье. Энэ бол Монголын загварын ертөнцөд хүлээж ирсэн том хариуцлага юм. Топ модель болохын төлөө хөдөлмөрлөж, өрсөлдөж буй загвар өмсөгчдөдөө амжилт хүсье.
НЭВТРҮҮЛЭГ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37