Монголын загварын ертөнцийн шилдгүүд хуран чуулдаг "Гоёл" наадам 32 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Үндэсний шилдэг брэндүүдийн загвар зохион бүтээгчид, шилдэг загвар өмсөгчид цугласан энэ үдшийн Топ моделиор загвар өмсөгч Д.Долгион тодорсон. Түүний хувьд 13 дахь жилдээ "Гоёл" наадмын тайзнаа алхжээ. Дэлхийд чансаагаараа нэгт бичигддэг "Miss Universe" тэмцээний хамгийн анхны монгол оролцогч болсон тэрбээр "Miss Mongolia 2012”-ийн тэргүүн мисс, “Гоёл 2017” наадмын шилдэг загвар өмсөгч,“World Super Model 2017" тэмцээний "Special Awards" номинацын эзэн юм.
Мөн дэлхийд алдартай “New York Couture”, “Washington DC” зэрэг загварын долоо хоногуудад оролцож, эх орноо амжилттай сурталчилж байсан туршлагатай загвар өмсөгчдийн нэг. Түүнийг тайзнаа гарч ирэх бүрд үзэгчид халуун алга ташилтаар хүлээн авч байсан нь хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн модель гэдгийг нь баталж байлаа. Түүний топ моделийн шагналыг 2019 оны топ моделиор шалгарсан Н.Сарнай гардуулан өгсөн бөгөөд үе үеийн топ моделиуд хүндэтгэл үзүүлсэн юм.
Энэ үдэш өөрсдийн авьяас, чадварыг гайхуулсан олон оролцогчид шагнал хүртсэн. Ингээд төрөл тус бүрт шилдгээр шалгарсан оролцогчдыг танилцуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )