Загварын хаан Версачегийн төрсөн өдөр тохиож байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 02

 

Төрсөн хотынхоо биеэ үнэлэгчдийн талаарх бага насны дурсамж нь түүнийг хөглөдөг хэмээн ярьдаг байв. Жанни Версаче 1946 оны арванхоёрдугаар сарын 2-нд төржээ.

Ирээдүйн загварын хаан анхны коллекцоо 11 насандаа гаргаж байв. Түүнд мэргэжлийн оёдолчин ээж нь тусалжээ. Жанни ээжийнх нь оёдлын газраар үйлчлүүлдэг чинээлэг хатагтай нарын даашинзыг оёход тусалдаг байсан аж.

Өөрийнхөө бүтээлийг Версаче “Хээнцэр ба Цочирдом” гэж тодорхойлдог. Тэрээр Милан дахь өөрийн загварын ордны бэлгэ тэмдгээр Медузаг сонгосон. Үлгэр домгийн энэ амьтан харцаараа амьд бүхнийг чулуу болгон алах шидтэй бөгөөд залуу загвар зохион бүтээгч бусдыг “алах” хувцас зохион бүтээх хангалттай шидтэй гэдэгт итгэлтэй байв. Версаче хэтэрхий зоригтой, хэтэрхий тод, хэтэрхий тачаангуй, хэтэрхий хээнцэр зэрэг “хэтэрхий” бүхэнд дуртай байжээ. 1982 онд тэрээр загасны хайрс мэт гялтганасан хөнгөн цагаан тороор хийсэн үдшийн даашинзыг анх удаа танилцуулав. Хожим нь алдарт зохион бүтээгч эмэгтэйчүүдэд өмдний оронд легинс буюу бариу өмдийг гадсан өсгийтэй туфльтэй хослуулахыг санал болгосон юм.

Версаче 1990-ээд оны хэв маягийг бүтээсэн. Түүнийг бүтээлээр Элтон Жон, Стинг, Клаудиа Шиффер, Линда Эвангелиста, Мадонна, Диана гүнж гангарах дуртай байв.

Жанни Версаче нэр алдрын оргилд хүрсэн үедээ амь насаа алдсан. Тэрээр гэрийнхээ үүдэнд 1997 оны долоодугаар сарын 15-нд буудуулсан юм. Цуврал алуурчин ямар шалтгаанаар түүнийг хөнөөсөн нь өнөө хэр оньсого хэвээр үлджээ. Загвар зохион бүтээгчийг мафитай холбоотой байсан гэх хувилбар яригдаж, бэлгийн уламжлалт бус чиг хандлагын сэдэв ч хөндөгддөг. Тэрээр энэ тухайгаа нуудаггүй байсан бөгөөд түүний алуурчин мөн л бэлгийн уламжлалт бус чиг хандлагатай нэгэн байсан. Загварын хааныг хөнөөсний дараахан гэмт этгээд өөрийгөө буудаж хөнөөснөөр энэ хэрэг оньсого болон үлдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top