“Ирээдүйдээ эзэн байя” уриатайгаар тав дахь жилдээ зохион байгуулагдсан “Хөрөнгө оруулагч үндэстэн-2020” чуулга уулзалтын “Улаанбаатар хотын бизнесийн орчин”, “Сео” зэрэг хэлэлцүүлгүүдэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан панелистаар оролцлоо.
Улаанбаатар хот цаашид ямар төлөвлөлтөөр хэрхэн хөгжих, бусдаас ялгарах онцлог нь юу байх вэ, хүн амынх нь талаас илүү хувийг хүүхэд, залуус эзэлж байгаа нийслэлийн хувьд тэдэн рүү чиглэсэн ямар бодлого баримталж байна вэ, ажил хэргийн аялал жуулчлал өдгөө дэлхий дахинд эрчимтэй хөгжиж байгаа тул хотоос энэ талаар анхаарч байна уу гэх мэт олон асуудлыг нүүр тулсан “Сео” хэлэлцүүлгийн үеэр хөтлөгч хөндөн асууж байв. Тэр дундаа хотын Захирагч С.Амарсайхан “Монголчууд бид найман зууны тэртээгээс улбаатай нүүдлийн соёлын үнэт зүйл бүхий хот байгуулалтын түүхэн уламжлалтай ард түмэн. Байшин барилга бол хаана ч байдаг. Улаанбаатар хотын бусад хотоос ялгарах онцлог нь (identity) нүүдэлчдийн сонгодог уламжлалыг хослуулсан хот болж хөгжих явдал гэж хардаг. Шинэ Нисэх буудлын орчим дахь дагуул хотыг яагаад Монголын олон үндэстэн ястны өв соёл, онцлогийг илэрхийлэхүйц төлөвлөлтөөр байгуулж болохгүй гэж. Наад зах нь, хотожсон нүүдлийн соёлыг илтгэх “Гэр моол” байж болно. Инженерийн дэд бүтэцтэй, орчин үеийн шийдэлтэй гэр, урц бүхий аялал жуулчлалыг татахуйц тосгон, хороолол байсан ч болно шүү дээ” хэмээн хотынхоо ирээдүйн хөгжлийг зургийг томьёолсон юм. Түүнчлэн хүн амын төвлөрлийг сааруулахын тулд хөдөө тодорхой хугацаанд амьдарч, бизнес эрхлэх сонирхолтой залуусыг хот бодлогоор дэмжиж, тухайн орон нутагтай хамтран ажиллахын зэрэгцээ эргээд Улаанбаатарт ирэхэд нь бүх талаар дэмжих тухай, нийслэл хот цаашид зах зээлийнхээ зарчмаар бие дааж хөгжих шаардлагатай учраас одоо байгаа 3.1 их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг олон улсын жишгээр зах зээлийн үнэлгээ тогтоолгох ажлууд хийгдэж буйг онцолсон.
“Улаанбаатар хотын бизнесийн орчин” хэлэлцүүлгийн үеэр мөн л хотын Захирагчид хаягласан олон асуулт ирсний дотор нийслэлийн газар зохион байгуулалт, замын түгжрэлийг хэрхэн бууруулах тухай асуудал жин дарж байлаа. Газар зохион байгуулалтыг зөв төлөвлөж, зөв менежментээр явуулахаас хот, улсын хөгжил шууд хамаарах учраас газрыг харилцааг нээлттэй, ил тод болгож байгаа бөгөөд ингэснээр иргэдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ ч дагаад өснө гэсэн хотын Захирагчтай бусад панелистууд ч санал нэгдэж байлаа. Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд юуны түрүүнд нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, шинэ төрлийн тээврийн үйлчилгээг туршиж нэвтрүүлэх, дугуйн болон явган хүний замын сүлжээг нэмэгдүүлэх, тээврийн хэрэгслийн насжилт болон хөдөлгүүрийн багтаамжаас шалтгаалаад авто замын төлбөрийг тодорхой хувиар нэмэх гэх мэт янз бүрийн хувилбарыг хэрэгжүүлэх нь чухал гэдгийг оролцогчид онцолж байв.
“Хөрөнгө оруулагч үндэстэн-2020” чуулга уулзалтыг хааж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Энэ удаагийн чуулган уламжлал ёсоор бидэнд нэн түрүүнд тулгамдаад байгаа асуудлуудыг онцолж хэлэлцэж байгаад талархалтай байна. Чуулганы үеэр ярилцсан бүхий л асуудлуудаар салбарын манлайлагчид, судлаачид, олон нийтээс санал болгож байгаа шийдлүүд, шинэ санал санаачлагыг бодлого тодорхойлогчид болон шат шатны шийдвэр гаргагч, хэрэгжүүлэгчид бид өөрсдийнхөө өдөр тутмын ажилд тусгаж, ажил хэрэг болгохын төлөө тууштай зүтгэнэ. Хот хэчнээн сайхан бодлого гаргаад тэрийг нь хэрэгжүүлэх, хэвшүүлэх хүсэл сонирхолтой иргэд, аж ахуйн нэгж байхгүй бол энэ зүгээр цаасан дээр л үлдэнэ. Бид бүгдэд дутагдаж байгаа зүйл бол хариуцлага, чанар, гүйцэтгэл хяналт. Өнөөдөр бидэнд болж бүтэж байгаа зүйл олон. Болохгүй байгаа асуудал бэрхшээл ч цөөнгүй. Бид зовлон нэгтэй, зовлонгоос гарах зорилго ч бас нэгтэй нийслэлчүүд. Улаанбаатар хэмээх их айлыг өөд нь татаж хөгжүүлэхэд хүн болгон дор бүртээ хичээх ёстой. Төрийн албан хаагчид нь ажилдаа сэтгэлтэй, зүтгэлтэй, хариуцлагатай байж, түмэн олон нь эрвийх дэрвийхээрээ идэвх чармайлт гаргаж, аж ахуйн нэгжүүд нь тогтвортой, тууштай ажиллаж илүү их баялаг бүтээж байж бид хөгжинө” хэмээн онцолсон.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 1 )
Guuren trambai yumuu duujin trambai n davuu gazraar yavdag trambaid hun suuhgui tugjrel buurahgui huuhduudee mashinaar zoogood niitiin teevert yamar ajlaar irged zorchdog sudalgaa