ЭЦА: Хүннүгийн үеийн булш ухсан этгээдүүдийг дайчлан баривчиллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 03

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт эртний Хүннүгийн үеийн булш ухагдаж, гэмт этгээдүүд нь булшнаас авсан эд зүйлээ зарах гэж байна гэх мэдээллийг Дорноговь аймгийн цагдаагийн газар хүлээн авч арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн Эрүүгийн цагдаагийн албаны III хэлтэстэй хамтарч шалгалтын ажиллагааг хийж байна.

Хэрэг болсон гэх газар нь Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй эртний барилга архитектурын, археологийн төрлөөр тус тус бүртгэгдсэн байна. 

Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат “З”, “Г” нар нь 2019 оны тавдугаар сарын 20-ны орчимд тус аймгийн Хатанбулаг сумын нутагт металл хайгч багаж ашиглаж эртний хадны сүг зураг мэт хэлбэр дүрстэй 11 ширхэг зэвэрч хөгзөрсөн байдалтай гуулин эд зүйлсийг газрын хөрснөөс ухаж гарган худалдан борлуулах зорилгоор хадгалсан байна. Сэжигтэй этгээд “З”-г Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан байна. 

Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд гэрт нь үзлэг хийж эд мөрийн баримтаар эртний хадны сүг зураг мэт хэлбэр дүрстэй 11 ширхэг металл эд зүйлсийг хураан авсан. Хураагдсан эд зүйлийг Шинжлэх ухааны академи, Археологийн хүрээлэн шинжээч томилж шинжилгээ хийлгэхэд: Хүннүгийн соёлд хамаарах НТӨ III-I зуунд хүрэлээр бүтээгдсэн нэг бүсний чимэглэлийн товруу ба арал болохыг тогтоогдсон. Эдгээр зүйлсийн үнэлгээг тоон утгаар илэрхийлэх боломжгүй, соёлын хосгүй үнэт зүйлсийн ангилалд багтах эд зүйл болох нь тогтоогдсон холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top