Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн энэ оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн. Хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан Төрийн албаны ерөнхий шалгалтыг өнгөрсөн сард улс даяар зохион байгуулсан. Уг шалгалтын бэлтгэл, зохион байгуулалт, үр дүнг өнөөдөр хэлэлцлээ. Хангарди ордонд явагдаж буй хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөлийн ажлын алба, аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, зарим яам, агентлагийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нар болон программ хангамжийн “Лидер Вишн Групп” ХХК, НҮБ-ын “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн менежерүүд оролцож байна.
Хэлэлцүүлгийн эхэнд Төрийн албаны ерөнхий шалгалтын онцлог, давуу тал, сургамжийн талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан, Төрийн албаны цахим систем, ажиллагааны зохион байгуулалт, түүний цаашдын хөгжүүлэлтийн талаар “Лидер Вишн Групп” ХХК-ийн захирал Д.Жанчив нар танилцууллаа.
Төрийн албаны ерөнхий шалгалтыг нийслэлд зохион байгуулсан тухай, онцлог, анхаарах асуудлын талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулав. Тэрбээр “Шалгалт зохион байгуулахтай холбоотой зар мэдээг нийслэлтэй хамтарч ажилладаг цахим хуудсуудаар болон нийтийн эзэмшлийн зам талбайд байгаа мэдээллийн самбараар хүргэсэн. Нийслэлийн Инновацын төвд шалгалтыг зохион байгуулж, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллалаа. Нийслэлд Төрийн албаны шалгалт өгөхөөр 3700 орчим иргэн бүртгүүлж, шалгалт өгсөн. Иргэдийг шалтгалтад оруулахад холбогдох журмын дагуу шалгаж оруулсан. Нэр, регистрийн дугаар зөрсөн, баталгаажуулах хуудсаа авч ирээгүй гэх мэт зарим нэгэн зөрчил дутагдал илэрсэн” хэмээв.
Хэлэлцүүлэг одоо “Төрийн албан хаагчийн багаар ажиллах ур чадварыг үнэлэх нь, онол, практик”, “Төрийн албаны төв байгууллагын тогтолцоо Япон Улсын туршлага” зэрэг илтгэлээр үргэлжилж байна. Илтгэлийн дараа хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор оролцогчид санал, дүгнэлтээ хэлж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )