Энэ сард багтаан 167 мянган өрхөд УТАА МЭДРЭГЧ үнэгүй тараана

2019 оны 12 сарын 12

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019.12.12/ НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шижир-Оргил, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн О.Алтангэрэл нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн хэмжээнд галлагааны улирал ид эхэлсэн аравдугаар сартай харьцуулахад угаарын дуудлага эрс багассан байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд угаарын хийнд хордсон байж болзошгүй нэг дуудлага НОБГ-т бүртгэгджээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Гэр хорооллын айл өрхүүд нэг үеэ бодвол сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэж сураад  байна. Одоо угаарын хийн хордлого гэхээсээ илүү сайжруулсан шахмал түлшний  борлуулалт түгээлт, хэрэглээ болон түүхийн нүүрсний хяналт шалгалтад түлхүү анхаарал хандуулан ажиллаж байна. Агаарын бохирдлын үзүүлэлтийн хувьд  мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр өмнөх онуудаас 50 хувь буурсан гэдэг  мэдээлэл бий. НОБГ, НЦГ, НЭМГ-ууд 24 цагаар ээлжлэн бүрэлдэхүүн гаргаж, шахмал түлштэй холбоотой асуудлаарх дуудлагад хариу өгч, заавар зөвлөмж, тусламж үзүүлж байна. Цаашид шахмал түлшний борлуулалтыг эрчимжүүлэх, захиалга нийлүүлэлтэд онцгой анхаарч, үйлдвэрийн бүх шугамуудыг доголдолгүй ажиллуулж цэгүүдэд түлш тасалдахгүй байх чиглэлд үүрэг болгож ажиллаж байна” хэмээв. Мөн энэ үеэр утаа мэдрэгчийг гэр хорооллын 167 мянган өрхөд арванхоёрдугаар сард багтаан үнэгүй олгохоор ажиллаж байна гэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шижир-Оргил “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт 2 иргэн түүхий нүүрс хэрэглэж байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө ирсэн. Энэ дагуу хяналт шалгалтын ажлыг явуулахад иргэн, аж ахуйн нэгж түүхий нүүрс түлээгүй болохыг тогтоосон. Харин шалган нэвтрүүлэх товчоодоор түүхий нүүрс тээвэрлэх,  нэвтрүүлэхэд хяналт тавихад Налайхаас 12 тонн нүүрс тээвэрлэж явсныг илрүүлсэн” гэлээ.

Улаанбаатар хотын агаарын чанарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад PM2.5 тоосонцор 20 хувь, PM10 тоосонцор 30 хувь багассан гэдгийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн О.Алтангэрэл хэлсэн.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(59.153.113.44) 2020 оны 01 сарын 05

Хэд нугалцын бээ. 19 юань буюу 7400 төгрөгөөр л авсан шд. Олноор нь бол бүр хямдрах байлгүй. 200000х7400=1.5 тэрбум.

0  |  0
Шахаа(59.153.113.44) 2020 оны 01 сарын 05

Хэд нугалцын бээ. 19 юань буюу 7400 төгрөгөөр л авсан шд. Олноор нь бол бүр хямдрах байлгүй. 200000х7400=1.5 тэрбум.

0  |  0
Top