Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдөр /2019.12.13/ ээлжит бусаар 14:00 цагаас хуралдахаар болжээ. Тус хуралдаанаар Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан тогтоолд өөрчлөлт оруулах, НИТХ-ын ээлжит бус IX хуралдааныг товлон зарлах асуудлыг хэлэлцэнэ.
Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэрийг олон нийт эсэргүүцэж, иргэн Б.Цэгмид, "Босоо Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан нар болон "Үнэн ба зөв" нам, МАХН-ын гишүүд хамтран энэ сарын сарын 9-ний өдрөөс эхлэн автомашинтай жагсаалыг зохион байгуулж байгаа. Өчигдөр тэднийг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хүлээн авч уулзсан. Энэ үеэр С.Амарсайхан “Ерөнхий сайд хуулийн хүрээнд асуудлыг шийдэх чиглэлийг надад өгсөн учраас би дээд шатны байгууллагаас өгсөн үүргийн дагуу энэ асуудлыг эргэж харья. НИТХ-аар дахин хэлэлцүүлье. Өөрчилсөн саналаа НИТХ-д оруулна. Гэхдээ ямар өөрчлөлт оруулахаа хараахан шийдээгүй байна. Хэрвээ иргэд нийтээрээ татвар нэмэхийг хүсэхгүй байгаа бол нийтийн тээврээ шинэчлэхгүй, хүүхдийн автобус явуулахаа болих болж байна. Нийслэл замаа засаж чадахгүй болно. Эргэж хараад төсөвлөсөн хөрөнгө оруулалтаасаа хасахад 50 тэрбум төгрөг болно” гэсэн тайлбар өгсөн юм.
НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар авто замын татварт дахин өөрчлөлт оруулах бололтой.
Сэтгэгдэл ( 0 )