Дорноговь аймгийн шүүхээс оногдуулж буй ялын бодлогыг тус аймгийн прокурорын газар энэ оны эхний арван сарын байдлаар судалжээ. Дээрх хугацаанд тус прокурорын газраас нийт 203 хүнд холбогдох, 181 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлүүлснээс 45 хүнд хорих, 139 хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан байна. Харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсэх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 23 хүн байгаа бол 17 хүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, 8 хүнд эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулсан, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүн тус бүр гурав, мөнгөн төлбөр оногдуулсан буюу торгох ялаар шийтгүүлсэн хүн 95 байна.
Нийт шийдвэрлэгдсэн хэргийн 101 буюу 55,8 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, 41 буюу 22,6 хувь нь өмчлөх эрхийн эсрэг, 21 буюу 11,6 хувь нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг, 12 буюу 6,6 хувь нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд эзэлж байна.
Шүүхээс бага насны болон 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндэж, жирэмсэн болгосон, үр хөндсөн гэмт хэрэг үйлдсэн хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх болон торгох ял оногдуулсан хэд хэдэн тохиолдол гарсан байна. Хэдийгээр шүүх хуульд заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж болох боловч гэмт хэргийн төрөл, онцлог буюу тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид цаашид учирч болох хор уршиг, аюулгүй байдал зэргийг харгалзан үзэлгүйгээр ял оногдуулсан тохиолдолд прокурор онцгой анхаарах шаардлагатай гэж үзжээ.
Судалгааны дүнд үндэслэн улсын яллагчийн дүгнэлт гаргахад анхаарах асуудлаар болон прокурорын эсэргүүцэл бичилтийг сайжруулах талаар нийт прокуроруудад сургалт хийлээ хэмээн Дорноговь аймгийн прокуророос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )