Тусгай зөвшөөрөлгүй бол түүхий нүүрс хэрэглэхийг хориглоно

2019 оны 12 сарын 18

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Цагдаагийн Ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос бүрдсэн ажлын хэсэг түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнуудын утааны шүүлтүүрийн хэвийн ажиллагаа, нүүрсний зарцуулалт, нөөц болон түүхий нүүрсний хэрэглээнд хяналт шалгалт явуулсан талаараа өнөөдөр /2019.12.18/  мэдээлэл хийлээ.

Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга нар ахалж, энэ сарын 14-17-ны өдрүүдэд ажиллажээ. Хяналт шалгалтад Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс хэрэглэх тусгай зөвшөөрөлтэй 53, зөвшөөрөлгүй 140 аж ахуйн нэгжээс гадна сайжруулсан түлш болон бусад эх үүсвэрээс халаалтаа шийдвэрлэсэн, үйл ажиллагаа нь зогссон улирлын шинж чанартай 65 иргэн, аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан байна.
 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэлэхдээ “Ажлын хэсэг нийт 404 уурын зуухыг нэг бүрчлэн шалгасан. Хяналт шалгалтаар утаа шүүлтүүр тавиагүй-9, шүүгч нь эвдэрсэн-17, нүүрс ил задгүй хадгалах-18, камергүй-8 аж ахуйн нэгж, иргэний зөрчил илэрсэн. Мөн улирлын чанартай болон мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбоотойгоор үйл ажиллагаагаа зогсоосон 31 байгууллага байна” гэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Иргэдээс байгууллагууд түүхий нүүрс түлж байна гэх гомдол тасрахгүй байна. Шалгалтаар уурын зууханд шүүлтүүр байгаа боловч ажиллуулдаггүй, ажиллуулдаг ч засварлаагүй зэрэг зөрчил дутагдал их ажиглагдсан. Агаар, орчныг бохирдуулж, түүхий нүүрс түлсэн /шүүлтүүргүй/ аж ахуйн нэгжийг 1.5 сая төгрөг, иргэдийг 150 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан” гэв.

Тусгай зөвшөөрлөөр өөрсдийн хэрэгцээнд нөөцөлсөн нүүрсийг иргэдэд зарж борлуулсан тохиолдол цөөнгүй гарсан талаар Цагдаагийн ерөнхий газрын Хүрээлэн буй орчны хэлтсийн дарга И.Даваажамьян мэдээллээ. Зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагуудыг Зөрчлийн хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авч, таслан зогсоосон байна. Мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтаар 89 аж ахуйн нэгж байгууллагын 340 орчим тонн нөөцөлсөн түүхий нүүрсийг битүүмжилж  хураасан гэдгийг тэрбээр мөн хэллээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас утаа шүүгч байрлуулах шаардлагатай уурын зуухнуудын судалгааг гаргаж Орчны бохирдлыг бууруулах  үндэсний хороонд хүргүүлсэн бөгөөд 290 уурын зууханд утаа шүүгч байршуулахаар болсон байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 16-100 кв хүчин чадалтай буюу нам даралтын зуухаар үйл ажиллагаа явуулж байгаа 2209 аж ахуйн нэгж байгууллага байдаг. Харин 100 кВт-аас дээш хүчин чадалтай буюу тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг 197 халаалтын зуух бий хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн албаны дарга П.Хэрлэн дурдлаа. Тэрбээр “Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд ойрхон 60 нам даралтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжинд холболоо. 17 цэцэрлэгийг цахилгаан халаалтад, дөрвөн сургууль цэцэрлэгийг хийн халаагуурт шилжүүлсэн. 248 хэрэглэгчийг цахилгаан хэрэглүүрт шилжүүлж, 290 халаалтын зуухны 230 зууханд нь шүүлтүүр тавьсан” гэж мэдээллээ.

Улаанбаатар хотод ирэх оны есдүгээр сарын 15 гэхэд тусгай зөвшөөрөлтэйгөөс бусад 16-100кВт-аас дээш хүчин чадалтай уурын зуухтай аж ахуйн нэгж, хувь хүн, айл өрхүүдийг түүхий нүүрс түлэхийг бүрэн хориглох аж.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.115.126) 2019 оны 12 сарын 18

ХУУРАЙ МУХАРТ БАЙГАА ОНЦГОЙ БАЙДЛИЙН АНГИ ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЭХЭЭ БОЛЬ

0  |  0
Хуурай мухарт амьдра(202.21.115.126) 2019 оны 12 сарын 18

Хамгийн түрүүнд үлгэр жишээ үзүүлэх ёстой газар бол онцгой байдлийн анги биз дээ.Хуурай мухрын аманд байгуулагдсан энэ анги байнга түүхий нүүрс түлж байгал орчин айл саахалтад хүндрэл учруулж байгааг хотын удирдлагууд хасанч хараагүй дүр эсгэж байгаа нь ямар учиртай юм бэ?Өвөл цагт нэг их шаардлага байхгүй анги байнга уурийн зуух галлах хэрэг байгаа юм уу?

0  |  0
Top