Нийслэл хотод Байгаль орчныг хамгаалах чиглэлээр 2019 онд хэрэгжүүлсэн онцлох ажлууд

2019 оны 12 сарын 25

Хөв байгуулснаар цас, бороо, үерийн усыг нөөцлөн ашиглах эхлэл тавигдав

Гадаргын усны хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Толгойтын баруун салааны Бумбатын булгийг түшиглэн 10500м3 ус хуримтлуулах хүчин чадалтай хөв /хиймэл нуур/-ийг нийслэлийн төсвөөр анх удаа байгууллаа.

Бэрх төгөл, Дээндийн нурууг орон нутгийн хамгаалалтад авлаа

Нийслэлийн нутаг дэвсгэрт экосистемийн тэнцвэрт байдлыг хангах чухал ач холбогдол бүхий Баянзүрх дүүргийн Гачуурт голын хөндийн Бага Шар хоолойн Бэрх төгөл орчмын 103 га хүлэрт намаг бүхий газар, Дээндийн нурууны ховор амьтан ургамлын баялаг нөөцтэй 6130 га газрыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор орон нутгийн хамгаалалтад авав.

Хар шороо олборлохыг хориглож, органик бордооны хэрэглээг дэмжив

Хар шорооны нөөцийн судалгааны дүнг үндэслэн 2020 оноос эхлэн гурван жилийн хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар хориглолоо. Энэ нь хөрсийг доройтлоос хамгаалах, цөлжилт үүсэхээс сэргийлэх ач холбогдолтойн зэрэгцээ үнс, лаг, өтөг бууц, сангас зэрэг бохирдол үүсгэгчдээр органик бордоо үйлдвэрлэх, дахин ашиглах хөшүүрэг болох юм.

Биологийн олон янз байдлыг хамгаалах нэгжийг байгуулж, Минж нутагшуулах төвийг олон нийтэд нээлттэй болголоо

Биологийн олон янз байдал хомстохоос сэргийлэх, суурьшлын бүсэд орж ирсэн, гэмтэж бэртсэн зэрлэг амьтдыг хамгаалах зорилгоор биологич, амьтны эмчийн орон тоо бүхий Биологийн олон янз байдлыг хамгаалах нэгж болон Нийслэлийн шуурхай багийг байгууллаа. Тус нэгжийн харьяанд Амьтан асрах, хамгаалах төв, Минж нутагшуулах, үржүүлэх төвийг нэгтгэж, бүх нийтийн экологийн боловсролд зориулан иргэдэд нээлттэй болголоо.

Олон улсын байгаль хамгаалагчдын сургалтын модулийг бэлтгэлээ

Нийслэлийн байгаль хамгаалагчид Дэлхийн байгаль хамгаалагчдын 9 дүгээр чуулганд Монгол Улсын байгаль хамгаалагчдаа төлөөлөн оролцож, Олон улсын байгаль хамгааллын Каукас сантай хамтран олон улсын байгаль хамгаалагчдад зориулан бэлтгэсэн цахим сургалтын модулийг танилцууллаа.

Нийслэлчүүдийн ундны усны нөөцийг ойжуулан хамгаалж байна

Улаанбаатар хотын цэвэр усны хангамжийн Гачуурт эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн 100 га талбайг ойжуулж 90000 ширхэг навчит, шилмүүст мод, сөөг тарилаа. Суурьшлын бүсийн дотор таримал ойтой болсноор ундны ус бохирдохоос хамгаалах, хууль бус газар ашиглалтаас сэргийлэх боломжтой болж байна. Улаанбаатар хотын усны хамгаалалтын бүсэд уул уурхайн үйл ажиллагааг бүрэн зогсоолоо.

Усны хамгаалалтын бүсийг бүрэн тэмдэгжүүллээ

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх Туул, Элстэй, Дээндий, Хуандай, Гачуурт, Улиастай, Хөл, Сэлбэ, Толгойт, Түргэн, Хэрлэн, Байдлаг, Нарийн, Хуцаа, Бага гүн, Хүйн голууд, Шургуутын бүрд нуур, Өндөр хааны булгийн усны сан бүхий газарт хориглосон үйл ажиллагааны мэдээлэл анхааруулга бүхий 600 ширхэг мэдээлэх тэмдэг суурилууллаа. Хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлснээр тухайн бүсэд хуулиар хориглосон үйл ажиллагаа явагдахгүй байх, иргэн, аж ахуйн нэгж санамсар болгоомжгүйгээр хууль зөрчихгүй байх нөхцөл бүрдэж байна.

Төв цэвэрлэх байгууламжийн лагаас бордоо гарган ойжуулалтад ашиглаж эхэллээ

Барилга, хот байгуулалтын яам, Эко тайхи ХХК-тай хамтран Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн лагаас Япон улсын өндөр технологиор гарган авсан бордоог Улаанбаатар хотын ойжуулалтын ажилд ашиглаж эхэллээ. Мөн дулааны цахилгаан станцуудын үнсэн санг лагаас гаргасан бордоогоор хучиж, биологийн нөхөн сэргээлт хийх туршилтын төслийг хэрэгжүүлснээр хотын тоосжилтын багагүй хэсгийг бүрдүүлдэг үнсний дэгдэлтийг бууруулахад эерэг нөлөө үзүүлэх юм.

Нөхөн сэргээлтийн хэмжээ дөрөв дахин нэмэгдэв

Налайхын нүүрсний уурхай, Багахангай дүүргийн хууль бус алт олборлолтоос үүссэн нийт 28,5 га талбайд нийслэлийн төсвийн, бусад дүүргүүдийн 68,7 га талбайд аж ахуйн нэгжүүдийн хөрөнгөөр газрын хэвлийн нөхөн сэргээлтийг хийлгэв. Энэ нь 2016 онтой харьцуулахад 4,6 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Үйл ажиллагааны онцлогоос хамааран тухайн жилдээ нөхөн сэргээлт хийх боломжгүй аж ахуйн нэгжүүдээр дүйцүүлэн хамгаалал хийлгэдэг болж, үйл ажиллагаа явуулдаг дүүргийн нутаг дэвсгэртээ байгаль хамгааллын олон талт ажлуудыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүллээ. Хүнд металлаар бохирдсон нийтийн эзэмшлийн газрын хөрсийг биологийн аргаар нөхөн сэргээх туршилтын ажлыг анх удаа 0,7 га талбайд хэрэгжүүллээ.

Гүний худгийн усны чанарт иж бүрэн шинжилгээ хийгдэж эхэлснээр чанарын хяналтын цахим тогтолцоо бүрдүүлэх суурь тавигдав

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй, ундны усны зориулалтаар нийтийн хэрэгцээнд ашиглагдаж буй 472 гүний худагт ундны усны чанарын шинжилгээг 57 үзүүлэлтээр хийж мэдээллийн цахим сан үүсгээд байна. Нийслэлийн хэмжээнд газарзүйн мэдээллийн системд суурилсан гүний усны чанарын мэдээллийн санг бүрдүүлж улмаар усны чанарын хяналтын цахим тогтолцоо бүрдүүлэх суурь тавигдав.

Байгаль орчны зөрчлийн мэдээллийг гэрэл зураг, бичлэгээр баримтжуулан аппликейшнаар явуулах боломжтой болов

Нийслэлийн ногоон бүс, зусланд гарч буй хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл, санал, гомдлыг шуурхай хүлээн авах, иргэд, аж ахуйн нэгжид зориулсан зөвлөмж, мэдээллийг хялбар хүргэх “Зуслан” нэртэй Андройд болон iOS системийн аппликейшнийг нэвтрүүллээ.

Барилгын материалын тээвэрлэлт зориулалтын замаар тогтоосон цагт явдаг боллоо

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04/01 дугаар захирамжийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тээвэрлэлтийг 8:00-22:00 цагийн хооронд хатуу хучилттай замаар /өмнө нь хориглож байсан/, хучлагатайгаар тээвэрлэх болсноор дуу чимээ, тоосжилт ихээр үүсгэж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг зөрчин, байгаль орчныг доройтуулдаг байсан зөрчил ариллаа.
 

 
Эх сурвалж: Нийслэлийн байгаль орчны газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top