Байгаль орчны хяналт, мониторингийн өндөрлөг цэгүүд нэмэгдлээ

2020 оны 10 сарын 26

Нийслэлийн ногоон бүс Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бага Хуандайн эх болон Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Залаатын амны дээд хэсэгт ой, хээрийн түймэр, байгаль орчны хяналт, мониторингод ашиглах ажиглалтын цэгүүд шинээр байгууллаа.

Нийслэлийн ногоон бүсийн хяналтад Сүхбаатар, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хийгдсэн гурван ширхэг модон байгууламж ашиглагддаг бөгөөд анх удаа төмөр хийц бүхий цэгүүд байгуулснаар Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт ойн түймэр, хулгайн ан, хууль бус мод бэлтгэл, ойн дагалт баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэх зэрэг байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг цаг алдалгүй илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох нөхцөл бүрдэж байна. Мөн цэгүүдийг байгаль цаг уур, амьтан, ургамлын мониторинг, тандан судалгааны зориулалтаар судлаачид ашиглах боломжтой аж.

Уг ажлыг нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын хамтран баталсан “Дүйцүүлэн хамгааллын хүрээнд аж ахуйн нэгжүүдийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх ажил”-ын төлөвлөгөөний дагуу “Цээцээ импекс” ХХК, “Өвөр харзат” ХХК, “Скорпион сервис” ХХК-иуд 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгөөрөө хийж гүйцэтгэв. 

 

Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top