НӨАТ-ын буцаан олголтоо нийтээрээ нэмэгдүүлэн хүртэх нь ээ 

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 27

-Дэлхийн банк болон Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаандаа үндэслэн НӨАТ ядуу иргэдэд улам бүр дарамт болж буй талаар дүгнэлт гаргаж байжээ-

Н.Оюундарь, С.Бямбацогт нарын гишүүд НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын даргад өргөн мэдүүлээд байгаа. Тэд НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг 20 хувиас 70 болгон нэмэгдүүлэх заалт оруулжээ. Гэвч иргэдийн гар очих мөнгө төсөвт дарамт болно гэдэг шалтгаанаар унагах сонирхолтой дарга нар олон байгаа аж. Уг нь бол НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг өсгөх шаардлага өнгөрсөн хугацаанд иргэдийн зүгээс маш ихээр ирсэн байдаг. Иргэдэд татвар гэж юу вэ, татвар төлөхийн ач холбогдлыг ойлгуулж өгсөн зүйл бол Нэмэгдсэн өртгийн албан татвар буюу НӨАТ-ын буцаан олголтын систем яахын аргагүй мөн. Иргэд дэлгүүр, зоогийн газраас авахуулаад бүхий л бараа, үйлчилгээнд төлсөн төлбөрийнхөө үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний НӨАТ төлдөг. Түүнийхээ 20 хувийг буцаан авч, авсан баримтаа нэгдсэн татварын системд бүрдүүлэх явдал бидний амьдралын салшгүй хэвшил болсон гэдгийг сард нэг удаа явагддаг сугалааны хүлээлтээс харж болно. Иргэдийг мөнгөөр урамшуулж буй учраас л НӨАТ-ын хууль ингэтлээ хөрсөн дээр шингэсэн байна.

Тухайлбал, “Татварын газраас мэдээлж буйгаар ирэх оны нэгдүгээр улиралд багтаан НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлнэ” гэх утгатай мэдээ цахим орчинд хамгийн өндөр хандалт авах бөгөөд доорх сэтгэгдлээрээ ч тэргүүлдэг. Тэдгээр сэтгэгдлээс сонирхуулахад, зарим дэлгүүр хоршоо баримт өгдөггүй, сугалаанаас хожсон хонжвор нь олдохгүй байгаа зэрэг НӨАТ-тай холбоотой гомдол, саналууд зурайна. Гэхдээ бараг л гурван сэтгэгдэл тутмын нэг нь одоогийн төлж буй татварын 20 хувийн буцаан олголтыг нэмж, 50-100 хувьд хүргэхийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Энэ үнэхээр боломжтой эсэхийг авч үзье.

2016 оноос хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын шинэчилсэн хуулийн дагуу иргэд төлбөрийн баримтаа цахим системд бүртгүүлэн, cap бүр сугалаанд азаа үзэх болсон. Харин он дуусмагц бүтэн жил НӨАТ хэлбэрээр төлсөн мөнгөнийхөө 20 хувийг буцаан авахаар хуульчилж өгсөн. Улмаар шинэ оны эхний улиралд багтан иргэдийн дансанд шууд орлого хийгддэг.  Судалгаанаас үзэхэд, анхны жил буюу 2017 онд нэг хүн дунджаар 57 мянган төгрөгийн буцаалт авч байсан бол 2019 оны нэгдүгээр улиралд дунджаар 150 мянган төгрөг ногдсон. Энэ нь урьд жилүүдэд НӨАТ-ын хөнгөлөлт эдэлсэн иргэд нэг ч баримт гээлгүй бүртгүүлэх болсонтой холбоотой. Гэвч бараан тал нь Дэлхийн банк болон Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаандаа үндэслэн НӨАТ ядуу иргэдэд улам бүр дарамт болж буй талаар дүгнэлт гаргаж байжээ. Мөн манайтай адил НӨАТ-ын буцаан олголт нэвтрүүлсэн орнуудыг судалж үзэхэд, хувь  хэмжээ нь харьцангуй өндөр байдаг аж. Тухайлбал, БНСУ-д үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх буцаан олголт олгодог бол Швейцарт 7.7, Японд найм, Люксембургт 17.1, Германд 19, Англи, Австри, Монакод 20, Португали, Грект 23, Дани, Испани, Норвеги, Швед зэрэг улсад 25 хүртэлх хувийг буцаан олгодог байна. Гэхдээ манайхаас ялгаатай нь тус улсуудад зорчсон гадаадын иргэд буцан гарахдаа л энэ хөнгөлөлтийг эдэлдэг байхаар зохицуулсан байдаг аж.  Харин гадаадын улс орнууд бэлэн тараахаасаа илүү үр ашигтай, ахиу хөнгөлөлтийг өөрсдийн иргэддээ санал болгодог байна. НӨАТ-ын хууль манай улсаас гадна дэлхийн 140 гаруй оронд хэрэгжиж байгаа. Тэд хөнгөлөлтийг эм, эмнэлгийн хэрэгсэл, тогтмол хэвлэл, ашгийн бус үйл ажиллагаанд нийтлэг байдлаар нэвтрүүлсэн байдаг аж. Зарим нь иргэдээ НӨАТ-аас чөлөөлж, буцаан олголтыг татварын өр төлбөр төлөх, эсхүл ирээдүйд төлөгдөх татварт урьдчилж авах боломжийг хуулиар олгожээ. Тухайлбал, Тайванд татварын илүү төлөлтийг ирээдүйд төлөгдөх татварт тооцон урьдчилж авах хуулийн зохицуулалт үйлчилдэг байна. Энэ мэтээр НӨАТ-ын хөнгөлөлтийн арга хэрэгсэл, хувь хэмжээг нэмэгдүүлэх боломж байгаа юм. Манай нөхцөлд Иргэний хуульд заасан 20 гаруй төрлийн татвараас гадна Захиргааны мөнгөн торгууль шийтгэл алийг нь ч НӨАТ-ын буцаан олголтоос шилжүүлэн суутгах боломжтой. Ингэснээр  хөнгөлөлтийн хэмжээг төсөвт ачаалал үүсгэлгүйгээр ахиулж болно. Бас иргэд, аж ахуйн нэгжүүдийн ухамсартай холбоотой бүдүүн баараг арга харагддаг. Өнөөдөр бидэнд ногдуулж буй НӨАТ бол зөвхөн эцсийн хэрэглэгч төлдөг татвар. Үйлдвэрлэгч, худалдагч аль аль нь энэ татварыг төлдөггүй учраас бараа, үйлчилгээний өртгийг 10 хувиар нэмэгдүүлж байгаа юм.  Зарим аж ахуйн нэгж үйлчлүүлэгчээсээ НӨАТ-ын баримт авах эсэхийг тодруулдаг байж болно. Хэрэв баримт авахгүй гэвэл бараа, үйлчилгээний үнийн дүнгээс 10 хувийг хасаж тооцоо хийх боломжтой. Ингэснээр 20 хувийн буцаалттай НӨАТ-ын баримт авахаас илүүтэй иргэдийн халааснаас гарч буй зардлыг 10 хувиар бууруулах гарц бий.  Нөгөө талаар НӨАТ-ын хууль бол төр татварын хяналтаа ард иргэдээр дамжуулан хийж буй явдал юм. Үндсэн зарчим нь энэ бөгөөд худалдаа үйлчилгээний газрууд ихэнхдээ баримт хэвлэж өгөх дургүй байдаг нь ч үүнтэй холбоотой. Тиймээс НӨАТ маш том татварын бааз байсаар ирсэн. Буцаан олголтын системийн үр дүнд энэ бааз гурав дахин нэмэгдээд байгаа юм. Өнөөдөр Монгол Улсын төсвийн орлогын 80 хувийг татварын орлого эзэлдэг бол татварын орлогын 30 хувийг НӨАТ бүрдүүлж байна. Үүнээс үзэхэд, нэг их наядаар хэмжигдэх мөнгөн дүн эргэлдэж байгаа нь ойлгомжтой. Татварын байгууллага 2019 оны эхний дөрвөн сард улсын төсөвт 1.5 их наяд төгрөгийн орлого бүрдүүлснээс 23.3 хувь буюу 313.7 тэрбум төгрөгийг  НӨАТ-аас төвлөрүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм байна.   Харин иргэдэд буцаан олголтын хэлбэрээр хэлбэрээр 2016 онд 35.1 тэрбум төгрөг, 2018 онд 121.4 тэрбум төгрөгийн урамшуулал өгсөн байна. Судалгаанаас үзэхэд улсын төсөвт төвлөрч буй татварын орлогын хэмжээ жилээс жилд өссөн дүнтэй байгаа ч НӨАТ суутган төлөгчийн тооны өсөлт төдийлэн их биш байгаа нь ирээдүйд  өсөлт зогсонги байдалд хүргэх эрсдэл дагуулах магадлалтай аж. Иймээс нийт татвар төлөгчийн бүртгэлтэй худалдан авагчийн татварын ачааллыг бууруулах буюу буцаан олголтыг хувийг нэмэх замаар эрчимжүүлэх шаардлагатай гэж УИХ-ын гишүүн Н.Оюундарь, С.Бямбацогт нарын зүгээс үзсэн байна. Энэ хоёрын зөрүү ийм өндөр байгаа учраас л иргэдийнхээ дунд азийн сугалаа явуулах бус НӨАТ төлөгч хүн бүрт хүртээмжтэй арга хэрэгсэл хэрэглээч гэдгийг судлаачид хэлээд байгаа. НӨАТ-ын сугалаагаар cap бүр 1-1.5 тэрбум, жилдээ 12-18 тэрбум төгрөгийг хонжворт олгодог.  НӨАТ-ын сугалаагаар cap бүр 1-1.5 тэрбум, жилдээ 12-18 тэрбум төгрөгийг хонжворт олгодог бол сугалаанд оролцогчдын 38 хувь буюу ойролцоогоор дөрвөн хүн тутмын нэг нь азтан болсон гэдгийг татварынхан хэлдэг. Тэгэхээр сугалаанд зарцуулж буй мөнгөө буцаан олголтод нэмээд иргэддээ олгосон нь одоогийнхоос илүү шударга зарчим болно. Тэгээд ч НӨАТ-ын буцаан олголтын системийг анх нэвтрүүлэхэд, 50 хувийг нь иргэдэд буцаан олгох боломжтой талаар эх сурвалжууд хэлж байсан. Мөн НӨАТ-ын шинэ систем үйлчилж эхлэхэд улсын хэмжээнд бүртгэлтэй 1,700 ширхэг байсан баримт хэвлэгч машин 63 мянга болон нэмэгдсэн байна. Татварын орлого ч 1.3 их наяд төгрөгөөр давж биелсэн нь татварын бааз суурийг 40 дахин өсгөсөн 63 мянган кассын машины үр дүн гэдэг. Гэхдээ цаана нь олон арван мянган НӨАТ-ын баримт хэвлэдэггүй худалдаа үйлчилгээний газрууд байгаа аж.  НӨАТ-ын систем хэрэгжиж эхэлснээр иргэн бүр татварын байцаагч болсон гэж үздэг ч одоогоор 600 гаруй мянган хэрэглэгч л НӨАТ-ын цахим системд бүртгэлтэй байна. Эдгээрийг иргэдэд өгч буй урамшууллаа нэмсэн цагт л төр хяналтдаа авч чадна. Учир нь хүн бүр НӨАТ төлөгч. Иргэд бүх хэрэглээгээ НӨАТ-тай үнээр худалдан авч байгаа. Нэг талх авахдаа 1,100 төгрөг төлж буй бол түүний 1,000 нь борлуулагчийн орлого, харин 100 төгрөг нь НӨАТ бөгөөд үүнийг бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгч болох иргэн л төлчхөж байгаа юм. Ямар ч бүтээгдэхүүн, үйлчилгээ хүнд зориулагддаг болохоор эцсийн хэрэглэгч нь хүн л байдаг. Энэ өнцгөөс аваад үзвэл, улс татварын баазаа цаашид тогтвортой өсгөх арга нь НӨАТ-ын 20 хувийн буцаан олголтыг 50 эсвэл 100 хувь болгон нэмэгдүүлэх юм.

Н.Оюундарь, С.Бямбацогт нараас гадна УИХ-ын гишүүн  Б.Пүрэвдорж өнгөрсөн долоо хоногт НӨАТ-ын хувийг бууруулж тав болгох, НӨАТ-ын буцаалтыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өргөн барьсан юм. Тэрбээр  “Өнгөрсөн 2019 онд нийтдээ 2.3 их наяд төгрөгийн орлого НӨАТ-өөс орсон нь улсын төсвийн  24 хувийг бүрдүүлсэн. Энэ нь татварын орчныг сайжруулж, татвар нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлж байна. Гэхдээ НӨАТ-ын татвар шууд бус татвар учраас үнэд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл хэрэглээний үнэд шууд нөлөөлснөөр инфляцад нөлөөлөх нөхцөл байдлыг бий болгож байна. Ингэснээр НӨАТ-ын татварын өндөр хувь жирийн хэрэглэгч нарт өндөр татвар болдог. Түүнчлэн НӨАТ нь орлого багатай иргэд болон өндөр орлоготой иргэдийн хооронд харилцан ялгаатай нөлөөлж байна. Цалингийн бага хэмжээгээр орлогождог иргэдийн хувьд НӨАТ-ын татвар нь амьдралд шууд нөлөөлдөг бол өндөр цалинтай иргэдэд энэ нь тийм ч их дарамт учруулдаггүй. Тиймээс энэ төрлийн татварыг багасгах зайлшгүй шаардлага үүсч байна. Иймээс орлогын ялгааг бий болгож байгаа эдгээр асуудлыг татварын хувийг багасгах замаар шийдвэрлэх боломжтой” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Н.Оюундарь, С.Бямбацогт нарын зүгээс НӨАТ-ын хэрэгжиж эхэлснээр сард дунджаар 700 мянга орчим татвар төлөгч татварын баримт бүртгүүлдэг болоод байгаа. Энэ хэрээр төсвийн орлого нэмэгдсэн ч далд эдийн засгийг ил болгох чухал алхам буюу татвар төлөгчдийн тоо өсөхгүй байгааг НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэн шийдвэрлэхээр хуулийн төсөл санаачилсан юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
лхам...........(59.153.112.159) 2020 оны 01 сарын 19

НӨАТ-н буцаан олголт ахиу байх нь айл гэрийн орлого өсгөж,амьжиргааг дэмжих нэг чухал хөшүүрэг мөн шүү? Хүн рүү харах чадвартай 2 гишүүн олон талаас нь тайлбарласанд талархалтай байна.Зээл тэглэсэн хууль эвдрэлцүүлсэн бол нөат-н энэ хууль эвлэрүүлнэ гэдэгт хэн ч эргэлзэхгүй.Ийм хүнд наалдацтай хууль санаачлахыг их хурлын эрхэм гишүүдээс хүсье

0  |  0
1(202.21.109.43) 2019 оны 12 сарын 27

2 shouchin gar

0  |  0
Зочин(66.181.161.87) 2019 оны 12 сарын 30

НӨТ бол төсөв бүрдүүлэхэд зарцуулах мөнгө бишээ. Харин татварыг шудрагаар төлүүлэх, нуугдмал орлогыг ил болгосноор улсын төсөвт орох татвар бүрэн орж байхад л ашигладаг хөшүүрэг ингэсний төлөө НӨТ-ыг иргэдэд 100 хувь буцаан олгодог байх нь шудрага зарчим. Үүнийг эрх мэдэлтнүүд өөрсдийн дураар үрэн таран хийх, идэж ашиглах зэрэг хууль бусаар төсвийн хөрөнгөөс завшиж байгаагаа нөхөхийн тулд буцаан олголтыг бага байлгах, сугалаа нэрээр иргэдийг ”хошгоруулан” багаахан хэсгийг нь зарцуулсан болоод хуурч байгаа аргаа хэвээр хадгалах гэсэн явуургүй бодлогоо хамгаалах сонирхолтой эрх мэдэлтнүүд ...

5  |  0
Дарь(66.181.182.69) 2019 оны 12 сарын 27

Ийм популистуудыг улс төрд бүү гаргааарай.

0  |  1
Top