ПРОКУРОР: Хүчирхийлэл үйлдэгчид бүгд ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ, ажилгүй хүмүүс

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

Хан-Уул дүүргийн прокурорын газраас “Гэр бүлийн хүчирхийллийн болон гэмт хэргийн улмаас бага насны хүүхэд хохирсон гэмт хэрэг гарч байгаа шалтгаан, нөхцөл, хэргийн шийдвэрлэлт, шүүхээс ял, шийтгэл оногдуулсан байдал”-ыг 2019 оны сүүлийн хагас жилийн байдлаар судалжээ.

Тус дүүрэг дэх Цагдаагийн газарт дээрх хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэг бүртгэлтийн 53 хэрэг шалгагдсан нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 27,4 хувиар буурсан боловч 15 дугаар хорооны нутаг дэсвгэрт энэ төрлийн гэмт хэргийн гаралт өссөн үзүүлэлттэй гарсан байна. Прокуророос дээрх 53 хэргийн 31 хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн бөгөөд шүүхээс нэг шүүгдэгчид дөрвөн жилийн хорих ял оноож, бусад шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулсан байна. Шүүгдэгч нарын 8 нь өмнө нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан бол нэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлж байжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл нь ихэнх тохиолдолд ахуйн хүрээнд буюу орон байранд, шөнө оройн цагаар үйлдэгдэж байгаа бол гэмт хэрэгт холбогдогчид нь бүгд дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилтай хүмүүс байгаа нь анхаарал татаж байна.

Бага насны хүүхдийн эрх ашиг хохирсон хэрэг бүртгэлтийн 36 хэрэг байгаа нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 30,5 хувиар өссөн бол бага насны хүүхдүүд ихэвчлэн “Хулгайлах”, “Дээрэмдэх”, “Залилах”, “Гэр бүлийн хүчирхийллийн” гэмт хэргийн хохирогч болжээ. Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэгт холбогдогчид нь ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд буюу 10-18 насны хүүхдүүд байгаа бол хохирогчид нь 0-11 насны хүүхдүүд байна.

Прокуророос дээрх 36 хэргийн 11 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалт явуулж, зургаан хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Шүүхээс гурван шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулж, нэг шүүгдэгчид 17 жилийн хугацаагаар хаалттай хорих байгууллагад хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Харин таван хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хохирол нөхөн төлөх асуудлыг өсвөр насны яллагдагч нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигч нараар төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас судалгааны дүнг үндэслэн тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах талаар санал, танилцуулга хүргүүлж,  бага насны хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон хэргийг шалгахад анхаарах асуудлын талаар дүүрэг дэх Цагдаагийн газарт зөвлөмж хүргүүллээ хэмээн Хан-Уул дүүргийн прокурорын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top