Хүнсний аюулгүй байдлыг хангаж, Монгол хүн эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны 52 дугаар тогтоолоор “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлснээр Монгол Улсын хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх, шим тэжээллэг чанарыг сайжруулах, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, экспортын баримжаатай хүнсний боловсруулах үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, хүний аюулгүй байдлыг хангах бүтэц зохион байгуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх юм.
Хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах, хүнсний сүлжээнд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад хэрэглэгчийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, зөв зохистой хооллох дадлыг төлөвшүүлэх нь чухал ач холбогдолтой байна.
Иймд “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрт тусгагдсаны дагуу хүн амын хүнсний хэрэглээ, шим тэжээлийн боловсролыг дээшлүүлэх, зохистой хооллох дадлыг төлөвшүүлэх зорилгоор “Өглөөний цай” болон “Ээжийн сонголт – Эрүүл хүнс” хөдөлгөөнийг 2020-2022 онд өрнүүлж байна.
Өнгөрсөн баасан гарагт /2020.01.10/ тус хөдөлгөөний хэлэлцүүлэг болж ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Дэд сайд Ж.Сауле, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй цэцэрлэг болон дунд сургаалын удирдлага багш, эцэг эх, мэргэжлийн тогооч нарын төлөөлөл оролцлоо.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Эрүүл хүнс- Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжүүлээд хагас жил болж байна. Эрүүл хүнс үйлдвэрлэхээс эхлээд, эрүүл хүнсний хэрэглээг төлөвшүүлэх асуудал бидэнд хамаардаг. Тиймээс бид эхний ээлжинд өөрсдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл байх асуудалд анхаарлаа хандуулж байна. Үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүнээр ард иргэд хүрэлцээтэй хангах, оновчтой, зөв зохистой хэрэглээг хэвшүүлэхэд онцгой анхаарч байна” гэв.
“Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөр – Хэрэглэгчийн боловсрол”, “Өглөөний цай эрүүл мэндэд нөлөөлөх нь”, “Хүн амын хүнсний хэрэглээнд шим тэжээлийн боловсролыг дээшлүүлэхийн ач холбогдол”, “Гэр бүлийн хүнсний хэрэглээний сонголтыг ээжүүд гүйцэтгэдэг” сэдэвт илтгэл тавьсан юм.
Сэтгэгдэл ( 0 )