Зөрчлийн хууль “зөөлдөж”, Эрүүгийн хууль хатуудсан уу?

Админ | Zindaa.mn
2020 оны 01 сарын 21

Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэргэжлийн сэтгүүлчид ямар байр суурьтай байгааг тоймлон хүргэж байна.


Монголын сэтгүүлчдийн  нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр: 
 

  •  Гүтгэх доромжлох заалтыг Зөрчил, Эрүүгийн хуулиас бүрэн хаслаа.  Зөрчлийн  тухай хуулийн 6.21 буюу “ Гүтгэх доромжлох” заалтаар 220 сая  төгрөгөөр хавтгайруулан торгож, сэтгүүл зүйг эдийн засгийн аргаар дарамталж, иргэдийн мэдэх эрхэнд халдаж байсан гажуудлыг зогсоолоо.  Мөн Эрүүгийн хуульд гүтгэх заалтыг буцаан оруулах хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг  бид хатуу эсэргүүцэж  хасуулж чадлаа.   Зөрчлийн хуулиар сэтгүүлч гүтгээгүй гэдгээ нотлохын тулд эх сурвалжаа зааж өгөх шаардлагатай болдог байсан. Харин одоо   Эрүүгийн хуулийн 13.14өөр гомдол гаргагч нь тухайн мэдээллийг илт худал гэдгийг нотлох үүрэгтэй. Цагдаа, шүүхийн өмнө нотолж чадахгүй бол гомдол нь  хэрэгсэхгүй болно.  Харин  сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхээ хадгалж үлдэнэ. Бид энэхүү   хамгийн амин чухал  эрхээ Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулинд заавал тусгаж, баталгаажуулах болно.  Мөн  Эрүүгийн хуулийн 13.14 зүйл “ Худал мэдээлэл тараах” заалтад “ Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн нэр хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 4501300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан. Энэ бол зөвхөн сэтгүүлчдэд хамаатай заалт биш.  Бүх хүнд хамаатай.  Тэр дундаа сошиал орчинд нүүрээ нуугаад, нэрээ нууцлаад зориуд санаатайгаар худал мэдээлэл тарааж байгаа үйлдлийг таслан зогсоох, сэргийлэх ач холбогдолтой. Та хэн ч бай, олон нийтэд худал мэдээлэл тарааж болохгүй. Сэтгүүлчид маань баримтаа нягталж, ёс зүйгээ дагаж ажиллах хэрэгтэй.

Соёлын гавьяат зүтгэлтэн, “Монголын Үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Б.Ганболд: Худал мэдээлэл тараах нь  мэргэжлийн сэтгүүлчдийн ажил биш
 

  • Хуулийн заалтыг уншсан.  Хуулийн энэхүү өөрчлөлт нь зөвхөн сэтгүүлчдэд хамаатай зүйл биш гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл,  нийт иргэдэд энэхүү хуулийн заалт хамаарна. Харин сэтгүүл зүйн салбарын хувьд худал мэдээлэл түгээх нь мэргэжлийн ёс зүйд хамааралтай төдийгүй сүүлийн үед сошиал нэрээр бусдыг гүтгэх доромжлох нь хэрээс хэтэрчээ. Хэрвээ бусдыг гүтгэж болно гэж үзэж байгаа юм бол сэтгүүлчид худал мэдээлэл бичих эрхээ хуулиар хамгаалуулах гэж байгаа мэт ойлголт төрүүлнэ. Тиймээс хуулийн энэхүү заалт нь бүх иргэдэд хамааралтай гэдгийг илүү сайн ойлгох нь чухал.

Соёлын гавьяат зүтгэлтэн  Б.Галаарид:  Гүтгэж, доромжлуулсан  бүхэн “оюун санааны хор” амсдаг
 

  • Гүжир үгэнд сөөм хариугүйн зовлонг сүүлийн хоёр жилийн хугацаанд мөн ч ихээр амссан даа. Инээж, гайхаж, бухимдаж, тэсэрч янз бүр л болсон. Ингээд бодсон. Өөрийнхөө нэр төрийг сэргээх бол өчүүхэн асуудал гэдгийг ойлгосон. Гүтгэлэг, гүжирдлэг, худал мэдээллийн золиос бологсодыг хамгаалах, мөн олон нийтийн худал мэдээ ( fake news) хэмээх оюун санааны хорноос хамгаалахын тулд Худал мэдээний эсрэг хууль батлуулж байж санаа амарна гэж шийдсэн. Төрийн гурван өндөрлөгт ч саналаа хүргүүлсэн. Миний саналыг хуульч нөхөд маань дэмжиж, хуулийн төсөл боловсруулж эхлээд байлаа. Гэтэл үйл явдал хурдтай өрнөж, худал мэдээлэл түгээсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуультай болжээ. Миний хувьд баяртай байна.  Хуулийн ажлын хэсэг уг хуулийг баталсан парламентын гишүүд, дэмжиж хамтарч байсан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Тийм болохоор хууль  хүчин төгөлдөр болж мөрдөж эхлэнгүүт нүүр номынхоо тэргүүнд тавьсан худал мэдээг эсэргүүцсэн логогоо буулгана.

Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Шагдарсүрэн:  Хэвлэлийнхэнд тун хэрэгтэй заалт оржээ
 

  • Хууль гэдэг нарийн юм. Эрүүгийн хуулийн төслийн 13.14 буюу гүтгэх тухай заалтыг хэлэлцүүлгийн явцад өөрчилсөн нь сэтгүүлчид болоод хэвлэлийн байгууллагад тун хэрэгтэй заалт болжээ. Үүний төлөө ажилласан ажлын хэсгийнхэн болоод зөв ойлгож, баталж өгсөн хууль тогтоогч эрхмүүдэд баярлалаа.

“Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны дарга П.Хашчулуун: Мэргэжлийн редакц худал мэдээлэл тараадаггүй
 

  • Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталсан. Эрүүгийн хуульд зааснаар  худал мэдээлэл тарааж болохгүй гэсэн байна. Энэ  нь ч зөв. Мэргэжлийн, туршлагатай сэтгүүлчид бол ямар ч тохиолдолд хүн гүтгэдэггүй, худал мэдээлэл тараахгүй. Сэтгүүлчийн ёс зүй гэдэг  угтаа хүн чанарын асуудал. Ямар ч тохиолдолд худал мэдээлэл цацаж, хүн гүтгэж болохгүй гэдгийг бүх улс орнууд хуульчилсан. Худал мэдээлэл тарааж болно  гэж маргаад байгаа нь мэргэжлийнхний хувьд онигоо шүү дээ. Мэргэжлийн, мэргэшлийн редакцийн сэтгүүлчид худал мэдээлэл тараах  гэсэн ямар ч ойлголт байхгүй.  Энэхүү хуулийн заалт нь зөвхөн сэтгүүлчдэд бус, Монголын бүх иргэн болоод мэдээллийн сувгуудад хамааралтай юм.

“Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах, экологийн албаны дарга Г.Цолмон: Сэтгүүлчид ажилдаа хариуцлагатай хандвал хуулийн заалт сэтгүүлчдэд хамаарахгүй
 

  • Эрэн сурвалжлах чиглэлээр олон жил бичсэн сэтгүүлчийн хувьд хэлэхэд, Эрүүгийн хуульд ийм заалт  оруулсан нь зөв. Сэтгүүлч санамсаргүй тохиолдлоор алдаа гаргадаг нь үнэн ч энэ  нь зориуд гэсэн үг биш юм.  Өмнө нь Зөрчлийн тухай хуулиар санамсаргүй, санаатай гэдгийг ялгаж салгахгүйгээр шууд л сэтгүүлчийг хоёр сая төгрөгөөр, редакцийг 20 сая төгрөгөөр торгодог байв. Энэ торгуулийн арга хэмжээ тухайн сэтгүүлчид болон харъяалагдах редакцид эдийн засгийн хувьд ихээхэн дарамт учруулдаг байсан. Одоо шинэ Эрүүгийн хуулиар сэтгүүлч өөрөө ажилдаа хариуцлагатай хандах юм бол энэ хуулийн заалт сэтгүүлчдэд хамаарахгүй. Өмнөх Зөрчлийн хуулиар цагдаагийнхан сэтгүүлчийг ажлын цаг дууссанаас хойш буюу 22.00  цагт дуудаж мэдүүлэг байцаалт авч байсан удаатай. Энэ нь  хууль сахиулагчид хуулиа өөрсдөө зөрчиж байгаа хэрэг юм.

“Өглөөний шуудан” сайтын эрхлэгч В.Сарантуяа: Худал мэдээллийн шуурганд сэтгүүлчид өөрсдөө ч өртөж байна
 

  • Сэтгүүл зүйн салбар өнөөдөр эрүүлжихийн тулд хамгийн түрүүнд хуулийн зохицуулалт зөв оновчтой байх ёстой. Өнөөдөр сошиал орчин идэвхтэй хөгжин эрчимжиж байгаатай зэрэгцээд мэдээллийн тэнцвэртэй байдал алдагдаж, тухайн хүний нэр хүндэд зориуд  бүдүүлгээр халдаж байгааг таслан зогсоох зайлшгүй шаардлагатай. Тодруулбал, хэн нэгэнтэй муудалцах, хувийн өшөө хорслоо тайлахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчныг ашиглаж эхэллээ. Хүний нэр хүнд, гэр бүлийн  амьдрал руу эрээ цээргүй халдсаны улмаас худал мэдээллийн золиосонд зөвхөн иргэд гэлтгүй сэтгүүлчид өөрсдөө ч өртөж байна. Энэ юуг харуулж байна гэхээр хуулийн зохицуулалт оновчгүй, жинхэнэ гэм буруутныг  олж тогтоох боломжгүй байсан юм. Тэгвэл Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зохицуулах боломжтой боллоо. Өнөөдөр олон нийт мэргэжлийн болон мэргэжлийн бус сэтгүүлчдийн ялгааг олоход бэрхтэй болоод байгаа нь  бодит үнэн. Хэн нь үнэн бичээд, хэн нь худлаа мэдээлэл тараагаад байгааг  одоо олоход амархан болчихлоо. Ер нь ямар ч тохиолдолд хэн ч байсан худал мэдээлэл тараах, гүтгэх доромжлох хориотой зүйл.  

“Зиндаа” сэтгүүлийн Ерөнхий редактор Д.Оюунцэцэг:  Мэргэжлийн сэтгүүлчдэд хүндрэл учрахгүй
 

  • Эрүүгийн  хуульд өмнө нь гүтгэх  доромжлох, худал мэдээлэл тараах  гэсэн заалт хэрэгжиж байсан. Эрүүгийн хуулийн заалтыг үндэслээд улстөрчид, бизнесийнхэн үл ялих  шалтгаанаар өөрсдийн алдаатай зүйлийг ч хамаагүй сэтгүүлчид рүү бухдаг, яллах гэж улайрдаг байсан нь үнэн. Сүүлд энэ заалтыг  Зөрчлийн тухай хуульд оруулж ирснээр сэтгүүлчийг хоёр сая төгрөгөөр, редакцийг 20 сая төгрөгөөр торгох болсон. Ялангуяа ийм байдал  улс төр болон эрэн сурвалжлах албаны чиглэлээр бичдэг сэтгүүлчдэд олон тохиолдсон. Ялихгүй шалтгаанаар цагдаад очоод, тухайн цагдаагийн үзэмжээр шийдэгдээд явчихдаг  байдал өнгөрсөн хоёр жилд ажиглагдсан. Одоо шинэ Эрүүгийн хуульд “ Илт худал мэдээлэл тараах” гэсэн  заалт орж ирснээр асуудал маш зөв шийдэгдэж байгаа гэж харж байна.  Гэхдээ энэ заалт зөвхөн сэтгүүлчдэд зориулсан заалт биш шүү дээ. Ялангуяа мэргэжлийн сэтгүүл зүйн редакц, мэргэжлийн сэтгүүлчдэд хүндрэл учрахгүй, ямар ч аюулгүй гэсэн үг юм.

Time.mn сайтын эрхлэгч Г.Улсболд: Сэтгүүлчид хуулиа уншдаггүй
 

  • Гүтгэх үйлдлийг Зөрчлийн хуульд томъёолсон асуудлаар 2017 онд “ Нүүдэл шийдэл” хэлэлцүүлэгт оролцохдоо санал бодлоо хэлж байлаа. Хууль болж батлагдахаас өмнө ХЗДХЯ өөрийн сайтдаа бүтэн жил төслөө байршуулсан. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчид, редакциуд, холбоод эвлэлд санал өгөх эрх нь нээлттэй, хэлэлцүүлэх боломж хүн бүрт нээлттэй байсан. Гэтэл яагаад гэнэт сэрүүлэг тавьж сэрж байгаа юм шиг худал мэдээлэл цацах үйлдлийг Эрүүгийн хуульд оруулсныг гайхаад байгаа юм. Миний ажигласнаар сэтгүүлчид хуулийн төслийг бараг уншдаггүй. Уншдаг хэсэг нь цөөн. Тухайлбал, гүтгэх заалт аль хууль дээр байх нь урлаг соёл, спорт, нийгэм, эдийн засгийн сэтгүүлчдэд тэр бүр хамаагүй юм шиг хандлага гаргадаг. Улс төр, эрэн сурвалжлах чиглэлээр бичдэг сэтгүүлчид энэ асуудлаар шалгагдах магадлал өндөр байдаг. Уг нь  шинэ Эрүүгийн хуулийн өөрчлөлт энэ тэр гэхгүй бүх иргэнд хамааралтай.

“25 дугаар суваг” телевизийн Мэдээний албаны сэтгүүлч Д.Уламбаяр: Троллчидыг ил болгож байгаа хуулийн заалт байна
 

  • Жинхэнэ шантаажчид Эрүүгийн хуулиас айдаг байх. Сэтгүүлч ажиллах зарчмаараа, ёс зүйтэй ажиллаад явбал хэзээ ч хуулийн өмнө бөхийхгүй, гүтгэгч нэр зүүхгүй. Сэтгүүлчид хуулийг баталсны дараа биш боловсруулж, хэлэлцэж байхад нь судалж анхаардаггүйн тод жишээ сая гарлаа. Одоо нэгэнт Зөрчил гэж үздэг байсан гүтгэх заалт Эрүүгийн гэмт хэрэг гэж шалгагдах боллоо. Энэ нь мэргэжлийн, мэргэжлийн бус болоод мөнгийг ёс зүйгээрээ сольсон сэтгүүлчид ялгарах байх. Жинхэнэ сэтгүүл зүйг  хөшигний ардаас ашигладаг троллчид ил болж, салбар цэвэршинэ гэж найдаж байна. Гол нь процесс яаж үргэлжилж шийдвэрлэх вэ. Мөрдөн шалгах ажиллагааг ямар тохиолдолд явуулах вэ гээд нарийн зохицуулалтад анхаарах шаардлагатай.

Сэтгүүлч Ч.Үл-Олдох

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
power(54.89.226.6) 2020 оны 01 сарын 21

Б.Солонгоо: Олон улсад бизнесийн байгууллагууд хэрэглэгчийн хурууны хээ, регистрийн дугаарыг ашиглаж үйлчилгээ үзүүлдэг жишиг байхгүй

0  |  0
hh(103.52.39.112) 2020 оны 01 сарын 21

asd fasdf asd

0  |  0
power(54.89.226.6) 2020 оны 01 сарын 21

Б.Солонгоо: Олон улсад бизнесийн байгууллагууд хэрэглэгчийн хурууны хээ, регистрийн дугаарыг ашиглаж үйлчилгээ үзүүлдэг жишиг байхгүй

0  |  0
power(54.89.226.6) 2020 оны 01 сарын 21

asdf asdf asdf asdf asdf asdfas dfasdf

0  |  0
тавнаа(202.126.89.81) 2020 оны 01 сарын 21

сайн байна амжилт

0  |  0
Бяцхан төгөл хотхон (202.126.89.235) 2020 оны 01 сарын 21

Шарга морьт зусланд эрүүл агаарт бүх асуудлаа шийдсэн зуслангийн хотхонд /харуул хамгаалалттай, гэрэлтүүлэг камертай, машины зогсоолтой, гүний худагтай, 380-д холбогдсон, хашаандаа мод буттай, амрах сандал сүүдрэвчтэй, явган хүний зам талбайтай, хүүхдийн тоглоомын талбайтай, дотроо 00-той, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, цэвэр тохилог, дулаахан 1 ба 2 өрөө байрыг 2-3 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Жирэмсэн болон нярай хүүхэдтэй ээжүүдэд тохиромжтой. Бяцхан төгөл хотхон. Утас: 99118457

0  |  0
Top