Пассив хаус буюу Ногоон барилгын технологийг нэвтрүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа

2020 оны 01 сарын 23

Монгол улсад Пассив барилгын технологийг нутагшуулж, хуучин барилга болон шинээр баригдах барилга, орон сууцнуудад эрчим хүчний хэмнэлттэй, орчин үеийн Ногоон барилгын шийдлийг нэвтрүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан орлогч дарга Д.Мөнхжаргал ХБНГУ-ын БОЯ-ны зөвлөх, RoARongen архитектурын компанийн захирал ноён Людвиг Ронгентэй хамтран ажиллах санамж бичигт /2020.01.21/ гарын үсэг зурлаа.

Пассив хаус буюу Ногоон барилгын технологи нь барилгын дулаан алдагдлыг 90%-иар бууруулж, дотор нь ажиллаж, амьдарч буй хүний биеэс ялгарч байгаа дулаан, нарны тусгал, тухайн байрыг ашиглах явцад үүсч байгаа ахуйн цахилгаан хэрэглээнээс үүсч буй дулааныг алдалгүй барьж, эрчим хүч болгодгоороо онцлогтой эрчим хүчний хэмнэлттэй барилгын шийдэл юм.

Хөгжингүй орнуудын барилгын салбар хурдацтай нэвтэрч буй тус стандартыг нэвтрүүлснээр уламжлалт барилгын технологиос 53 дахин бага эрчим хүчний хэрэглээг бий болгох боломжтой юм.Тухайлбал Герман улсад баригдаж байгаа пассив байшингийн эрчим хүчний хэрэглээ нь 1 жилд 1 кв.м -т 15 квт цахилгаан буюу 1.5 л дизель түлшний хэмжээтэй болоод байна. Энэ нь 1 кв.м талбайг жилд 3,600 төгрөгөөр, 100 кв.м талбайг жилд 360,000 төгрөг, сард 20,000 төгрөгөөр халааж байна гэсэн үг. Манайтай ижил төстэй уур амьсгалтай ОХУ-д 1 кв.м талбайг 1 жилд 800 квт  цахилгаан зарцуулж байгаатай харьцуулахад асар бага буюу 53 дахин бага  хэрэглээ гэсэн үг юм.

УБ хотод төвийн дулааны системээр барилгын халаалтыг шийдэхэд 40-50 хувийг нь дулаан дамжуулах явцад алддаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Пассив хаузны стандартаар барьсан барилгад дулааны нэгдсэн системд холбогдох шаардлагагүй. Ингэснээр суларсан дулаан, эрчим хүчээр гэр хороолол болон шинээр баригдах орон сууцны хорооллыг дулаанаар хангах боломжтой болно.

Санамж бичгийн хүрээнд эхний ээлжинд нийслэлийн ерөнхий боловсролын 40 сургууль, хүүхдийн 48 цэцэрлэгийн барилга байгууламжийг пассив барилгын технологийг нэвтрүүлэх ТЭЗҮ, судалгааг ХБНГУ-ын тусламжаар хийж, уг судалгааны үр дүнд суурилан дээрх цэцэрлэгүүдэд пассив барилгын бүрэн хэмжээний засварын ажил хийгдэх юм. Цаашид орлогод нийцсэн ногоон орон сууц хөтөлбөр, шинэ хороолол, дагуул хотуудыг пассив барилгын стандартаар барих, хуучин сургууль цэцэрлэг, эмнэлэг, угсармал орон сууцны барилгуудын дулаалгыг хийж тус технологийг нэвтрүүлэх талаар ийнхүү  хамтран ажиллахаар боллоо.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top