Үнсийг дахин ашиглах туршилт хийж байна

2020 оны 01 сарын 31
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXI хуралдааны төгсгөлд уламжлал ёсоор Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар хэрэгжүүлж буй ажлын явцыг сонслоо. Танилцуулгыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хийсэн юм. Танилцуулгад дурдсан онцлох ажлуудаас дурдвал,
 
  • Нийслэлийн зүүн бүсэд сайжруулсан түлш үйлдвэрлэх хоёр дахь үйлдвэрийг наймдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.
  • Түүхий нүүрс борлуулж байсан иргэдийг ажлын байраар хангав. Өнгөрсөн жилүүдэд 500 гаруй цэгт 10 мянга орчим хүн ажилладаг байсан судалгааг холбогдох албанаас гаргасан. Өдгөө тэдний 1700 орчим нь “Тавантолгой түлш” компанид, 7000 гаруй хүн нь цэгүүдэд савлагчаар ажиллаж байна.
  •  100 кВт-аас дээш хүчин чадалтай тусгай зөвшөөрөлгүй уурын зуухнуудыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Нийслэлийн Засаг даргын А/1377 тоот захирамж гарсан. Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолд цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй ААН-ээс бусад халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон учраас тогтоолыг бүрэн хэрэгжүүлэхийн тулд энэхүү захирамжийг гаргасан билээ. Тодруулбал, энэ жил тусгай зөвшөөрөлгүй 206 зуухыг төвлөрсөн дулаан, цахилгаан хангамж болон сэргээгдэх эрчим хүчээр хангах технологийн өөрчлөлт хийх ёстойг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал онцлоод цаашид 100 кВт-аас доош хүчин чадалтай 2206 зуухыг ч бусад эх үүсвэрээс цахилгаан, дулаанаа шийдвэрлэх гарц гаргалгааг гаргаж ажиллах шаардлагатайг хэллээ.
  • Азийн хөгжлийн банкны Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн зарим хороодод цахилгааны шугамын өргөтгөл хийсэн. 2018-2019 онд ЭХЯ-наас 42000 айл өрхөд 4кВт-ийн халаалтад холбогдох боломж бүрдүүлсэн.
  • Цэцэрлэг, хорооны арван цогцолбор барилга, цагдаагийн хэлтсийн байрыг цахилгаан хүчдлийг бууруулсан, эрчим хүчний хэмнэлттэй технологоор  цахилгаан халаалтад холбов.
  • Сайжруулсан түлшний үнсийг дахин ашиглах туршилт дөрвөн хороонд хийж байна.
Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр энэ өвөл үр дүнтэй ажилласан. Хүмүүсийн хүлээлтээс давсан үр дүн гарсан. Ирэх жил энэ үр дүнгээ улам илүү сайжруулах чиглэлд ажиллах хэрэгтэй. Мөн захын дүүрэг, хороодод онцгой анхаарал хандуулан ажиллан ёстой” гэсэн юм. Төлөөлөгчид ажил зохион байгуулж буй хүмүүсийг сайн ажиллаж байгааг онцлоод, цаашид  зөвхөн сайжруулсан түлшнээс гадна дулааны олон эх үүсвэрийг эрэлхийлэх нь чухал гэдгийг  хуралдааны үеэр  онцолж байв.
 
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнс(150.129.142.76) 2020 оны 02 сарын 01

Эхлээд хогоо .....

0  |  0
Top