Агаарын бохирдол өнгөрсөн оны мөн энэ үеэс 45 хувиар буурчээ

2020 оны 02 сарын 06

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой болон бусад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр /2020.02.06/ НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа нар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд 14 өрхөөс дуудлага ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. Он гарснаас хойш угаарын хийнд хордож нас барсан тохиолдол гараагүй бөгөөд дуудлага өгч байгаа байдлаар нь авч үзвэл Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт их байгаа талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэллээ. Угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордлоо гэх дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагынхан очиж шалгалт хийхэд яндангийн сойлтоо хаасан, зуух ханан пийшингийн холбоос засвартай, битүүмжлэл муу, яндангаа хөөлөөгүй, үнс дүүрсэн зэрэг иргэдийн өөрсдийн аюулгүй байдлаа хангаагүй байдлаас үүдэж угаарын хийнд хордох шалтгаан болж байгааг мөн дурдлаа. Сүүлийн өдрүүдэд угаар мэдрэгчийг хэрэглэх заавар зөвлөмжийг уншиж танилцаагүйн улмаас дуугарсан тохиолдолд унтраах, агаар сэлгэх арга хэмжээг авалгүй хордлогын шинж тэмдэг илрэх тохиолдол гарч байгаа учраас иргэдийг эрүүл мэнд, амь насаа хамгаалж аюулгүй байдлаа бүрэн хангахыг албаныхан сануулсан юм.

Агаарын бохирдлын хувьд өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 45 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа талаар Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал мэдээллээ. Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажил хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран автотээврийн товчоодод үзлэг шалгалт тогтмол явуулж байна. Өнгөрсөн өдрүүдэд зөвшөөрөлгүй 9 шуудай түүхий нүүрс тээвэрлэж явсан зөрчил илрүүлж, тухайн иргэнийг зөрчлийн хуулийн дагуу торгож нүүрсийг нь Амгалан дулааны станцад хүлээлгэн өгчээ.

Монгол Улсад короновирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүйг НЭМГ-ын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “ХӨСҮТ-д одоогийн байдлаар 79 хүн тусгаарлагдаж тандалт судалгаа, шинжилгээнд хамрагдаж байгаа. Иргэдийн биеийн байдал хэвийн. Томуу, томуу төст өвчлөл буурах хандлагатай байна” гэв. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд короновирусийн халдвараар 24324 хүн өвчилж 491 хүн нас бараад байна.

Томуу, томуу төст өвчлөл болон короновирусийн халдвартай холбогдуулан эх сурвалжгүй, худал мэдээлэл цахим орчинд тараагдаж байгаа нь нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй учраас хэвлэл мэдээллийн байгууллагуудыг эх сурвалжтай, бодит мэдээллийг хүргэж хамтарч ажиллахыг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар уриаллаа. Тэрбээр “Дархан хотод короновирусийн тохиолдол илэрсэн гэх мэтээр худал мэдээлэл тараасан байна. Өнөөдөр нийслэлийн Онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсад  короновирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүйг мэдээлсэн. Тиймээс  олон нийтийн анхаарлыг татах, хандалтаа өсгөхөөр эх сурвалжгүй худал мэдээлэл тараахгүй байхыг хүсч байна” гэлээ.

Иргэд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж олон нийтийн газраар явахдаа маск зүүх, хувийн ариун цэврээ сайтар хангахыг албаныхан зөвлөж байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top