365 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэжээ

2020 оны 02 сарын 21
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXII хуралдаанаар уламжлал ёсоор Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хэрэгжүүлж буй ажлын явцыг сонслоо. 2019-2020 оны халаалтын улиралд айл өрхүүдийг 600.0 мянган тонн сайжруулсан түлшээр хангана гэж тооцоолсноос одоогийн байдлаар 365.162 тонн түлш үйлдвэрлэн, иргэдэд нийлүүлжээ. Шахмал түлшний үнийг тонн тутам 150.000 төгрөг, борлуулалтын тонн тутамд 15.000 төгрөгийн урамшуулал олгох тухай Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 19/12 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/987 дугаар захирамжаар түлш борлуулагч  иргэдийн ажлын байрыг баталгаажуулах, түлшний үнийн хөөрөгдлөөс  сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэн ажилласан байна. Түүнчлэн 2019 оны арванхоёр дугаар сарын 25-ны байдлаар 1.897.961.708 төгрөгийн урамшуулал олгосон ажээ.

Сайжруулсан шахмал түлшнээс авсан 31 дээжийг дотоодын тав, гадаадын гурван лабораторид шинжлүүлэхэд  хүний эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой  сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй  химийн элемент, эрдэс илрээгүй, ахуйн хэрэгцээнд аюулгүй гэж гарсан тухай нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч  Д.Мөнхжаргал онцлов. Агаарын чанарын тухайд 2020 оны нэгдүгээр сард PM10 тоосонцор 120 мкг/м3-ээр буюу 48 хувиар буурсан, PM2 тоосонцор 91 мкг/м3-ээр буюу 47 хувиар тус тус буурсан байна. Харин хоёрдугаар сарын 10-16-ны өдрүүдийн агаар бохирдуулагч PM10, PM2 тоосонцрын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад  РМ10 тоосонцор 192мкг/м3-ээр буюу 45.2 хувиар, РМ2.5 тоосонцор 175 мкг/м3-ээр тус тус буурсан үзүүлэлттэй байна. Угаар мэдрэгч төхөөрөмжийн тухайд нийт зургаан дүүргийн 41 хороонд 69.980 мэдрэгчийг иргэдэд тараажээ.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал: “Сайжруулсан шахмал түлшний хүрэлцээ хэвийн байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд борлуулалтын 398 цэг ажиллаж байна. Хангамжийн 10 бааз, 17 дундын бөөний төвд савлах төхөөрөмж байршуулж, 1000 гаруй ажилтныг бүртгэлжүүлж ажиллуулж байгаа гэв. Мөн сайжруулсан шахмал түлш худалдан авсан иргэдэд НӨАТ-ын баримт өгөх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд оруулахаар төлөвлөж байгаагаа дуулгасан. Харин нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва:  "Жилдээ 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг байсан нийслэлчүүдийг энэ жил 600 мянга орчим тонн сайжруулсан түлшээр хангасан явдал бол амжилт. Бидний ажлыг хамгийн их дэмжиж ажилласан хүн бол нийслэлийн 1.5 сая иргэн байсан. Бид нийслэлчүүдийнхээ дэмжлэгтэйгээр утааны асуудлаасаа салж чадлаа. Цаашдаа энэ ажлаа улам сайжруулахын тулд төлөөлөгчдөөс гарч байгаа түлшний хүрэлцээний асуудал, угаар мэдрэгчийн асуудал зэрэг бусад асуудлыг сайтар судалж, сайжруулж ажиллаарай” гэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top