Р.Дагва: Тэвчээр, ухаан шалгаж байгаа энэ өдөр бие биеэ хүндэтгэе

2020 оны 02 сарын 24

МЭНДЧИЛГЭЭ

Хотол төгс хэмээх төмөр хулгана жил морилон ирлээ. Жаран жарнаар түүчээлэх он цаг улиран одож, шинэ цаг айлчлан ирэх мөч хамгийн сайхан. Аливаа зүйлийг өөдрөгөөр харан тэмүүлж, сайн сайхан бүхнийг угтан хэлэлцдэг монгол түмний баяр бол цагаан сар юм.

Өнөө жил цагаан сарын баярыг бид зайлшгүй шалтгаанаар өргөн дэлгэр тэмдэглэхгүй, өнжиж байна.

Аюулт өвчний ард гарсан цагт аандаа бүх зүйл тэгшрэн цэгцэрч, аав ээж, ах дүүсийнхээ амар мэндийг эрэн, учран золгох өдөр холгүй биз ээ. Хамгийн чухал нь энэ өдрүүдэд халуун дулаан гэр бүлээрээ хаврын тэргүүн сарыг угтахыг хүсч байна.

Амны билэгээс ашдын бэлэг гэдэг. Тиймээс монголчуудын тэвчээр, ухаан эв нэгдлийг шалгаж байгаа энэ өдөр хоногуудад бие биеэ гүтгэн муулах, худал мэдээлэл түгээх, аливаа асуудлыг дэвэргэхээс зайлсхийцгээе. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр биеэ биеэ хүндэтгэн хайрласан бэлэг дэмбэрэлтэй ерөөлийн сайхан үг хэлэлцэх учиртай.

Хотол төгс хэмээх хулгана жилийн өнгийг төрийн хууль цаазны хэрэгжилт сайжирч, улс орон амгалан төвшин болж, залуу хүмүүсийн ажил үйлс бүтэмжтэй, үр ач дэлгэрэх маш сайн хэмээн тодорхойлжээ.

Үндсэн хуулийн шинэчлэлийн хүрээнд Улаанбаатар хотын хууль эрх зүйн орчинг шинэчлэн, хотын хөгжлийг шинэ шатанд гаргах боломж бүрдэж байна.

Улмаар төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж, иргэдээ ажилтай орлоготой байхын төлөө томоохон хөтөлбөрүүдийг боловсруулаад байна. Бид ирэх онд эдгээр ажлуудаа улам бататган, нийслэлчүүдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах орчныг хангахын төлөө ажиллах болно.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал иргэдийнхээ эрх ашгийг дээдлэх, тэдний санал бодлыг сонсох, бодлого, үйл ажиллагаандаа тусгах эрхэм үүргээ биелүүлж ирлээ.

Энэ жил улс төрийн сонгууль болно. Ямар ч улс төрийн хүчин эрх барьснаас үл шалтгаалан агаарын бохирдлыг үе шаттай бууруулах ажлыг үргэлжлүүлж, алслагдсан дүүргүүдэд ажлын байрыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн шинэчлэлийг хийж, төлөвлөсөн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрх улам баталгаажих ёстой.

Эрхэм хүндэт нийслэлийн иргэд Та бүхэн маань дор бүрнээ хичээн дэглэм, журмаа ягштал баримтлан хаврын тэргүүн сараа угтахыг хүсье.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.76.59) 2020 оны 02 сарын 25

НЭГ ИХ ЗАЛУУ ХҮН БОЛОХ ГЭЭД ХӨГШИН ТӨГЦӨГ. ШАР СЭМЖИЛЧИХЭЭ Л АМИНАГАА ЭРГҮҮЛ

0  |  0
99999(103.20.152.50) 2020 оны 02 сарын 25

Цагаан сарын ” ТӨРСӨН ӨДӨР ” гэж хэлээгүй нь яамаадаа....

0  |  0
Top