Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн шалгаруулах сонсгол боллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 10

Төрийн ордонд өчигдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулалтад оролцогчдын томилгооны сонсгол өнөөдөр /2020.06.10/ боллоо.

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан байдаг. Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-аас тавдугаар сарын 15-ны хооронд нийт 24 нэр дэвших хүсэлтийг хүлээн авснаас нэр бүхий 19 хүнийг Ажлын хэсгийн шийдвэрээр сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэжээ. Эдгээр нэр дэвшигчдийг танилцуулах сонсгол өнөөдөр ийнхүү эхэлж, маргааш хоёрдахь өдрөө үргэлжилнэ.

Томилгооны сонсголыг Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат даргалан явуулж байгаа юм. Харин томилгооны сонсгол явуулах бүрэлдэхүүнд Ажлын хэсгийн гишүүд орно. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан нар Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top