УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг шүүх хурал ӨНӨӨДӨР болно

2020 оны 07 сарын 02

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан байдаг.

Шүүгдэгч нарт холбогдох шүүх хуралдааныг өнгөрсөн сарын 22-ны өдөр товлон зарласан боловч шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарын өмгөөлөгч нараас “хэргийн материалтай танилцах боломж олгож шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү” хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг өнөөдрийн /2020.07.02/ 11:00 цагт товлосон юм.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын холбогдсон хэргийн талаар эргэн сануулбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” ХХК-ийн захиралд худалдсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан.

Түүнчлэн Ж.Эрдэнэбат нь 2020 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшин ялалт байгуулсан бөгөөд түүнд сонгуулийн сурталчилгааны үеэр таслан сэргийлэх арга хэмжээ авч, өнөөг хүртэл ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top