Ж.Эрдэнэбат, С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Н.Номтойбаяр нарын төрийн өндөр албан тушаалд томилогдон ажиллаж байсан “томчуудын” шүүх хуралдаан болох сургаар нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна өчигдөр өглөө эртлэн олон иргэн цуглажээ. 09.00 цагт товлогдсон шүүх хуралдаан 12.00 цагт эхэлж, энэ хооронд мэдээлэл авахаар ирсэн сэтгүүлчид болон шүүх хуралдаанд оролцогч нарын ар гэрийнхэн, өмгөөлөгч, шүүхийн албан хаагчдаас бусдаар хэнийг ч шүүхийн хашаа рүү үл нэвтрүүлнэ. Хаа сайгүй “чимээгүй” хяналт үргэлжилнэ. Шүүх танхим дотроос сурвалжилга хийх эрх хэнд ч олгогдоогүй. Тиймээс байр байдлыг ажин нэлээд хугацаанд хүлээсний эцэст шүүх хуралдаанд оролцогчид эхнээсээ гарч ирлээ.
Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох “Авлига, албан тушаалын” гэх тодотголтой хэрэгт гурваас зургаан жилийн ял оногдуулж, ялыг эдэлсний дараа нийтийн албанд томилогдох эрхийг нь мөн хугацаанд хасах шийтгэл оногдуулжээ. Тодруулбал, Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Б.Отгонбаатарыг бусадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон гэж үзэж тус бүр зургаан жил хорих ял оногдуулж, нийтийн албан томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хаслаа. Харин Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн үзэж нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жилийн хорих ял оногдуулсан бол Д.Түвшинжаргалыг мөн хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсон байна. Тиймээс түүний нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, таван жил хорих ялаар шийтгэлээ. Дээрх дөрвөн хүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр дээр шүүгч Х.Идэр алх цохилоо. Ингэснээр Ж.Эрдэнэбат улс төрийн хоригдол болж, хохиролгүй, хохирогчгүй хэргээр, өмгөөлөгчгүйгээр түүнд ял оноож, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцио зөрчсөн гэдгийг хуульчид хэлцгээлээ. Шүүхийн шийдвэр хууль бус гэдгийг өмнө нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, гавьяат хуульч Ш.Бямбадорж, УИХ-ын дарга Г.Занданшатар нар мэдэгдэж байсан. Тиймээс шүүх улс төрийн зорилготой шийдвэр гаргасан гэдгийг хэлцгээж байв.
Зөвхөн тус хэрэгт холбогдсон С.Мандахбатын хэргийг хэрэгсэхгүй болгожээ. “С.Мандахбат нь Монгол Ардын Намын харьяалалтай, бусад шүүгдэгчид Ардчилсан Намын гишүүд байсан нь улс төрийн хуйвалдаан орсон байж мэдэх юм гэсэн эргэлзээг олон хүний дунд төрүүлж байна” хэмээн шүүхийн гадна цугларсан иргэд хэллээ. Ийнхүү шүүх хуралдааны шийдвэр гарсны дараа шүүхийн гадна тайван хүлээж байсан иргэд бухимдаж, “Өмгөөлөгчгүй шүүх хуралдаан явагдах ёсгүй. Шударга шүүхийг хүсэж байна. Бидний сонгох эрх, сонголтыг хүндэл, иргэд бид ч хууль бусаар хоригдохоос айж байна” гэсэн үгсийг чангаар хэлж, ундааны саваар дуу чимээ гаргаж эхэлсэн юм. Шүүхийн гадна 100 гаруй иргэн шүүхийн гаргасан шийдвэрийг эрчимтэй эсэргүүцэж, цагдаа, сэтгүүлч нарт ч “Иргэдийн дуу хоолойг сонсож, үг хэлэх эрхийг хүндэл” хэмээн шаардлага тавьж байлаа. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Ж.Эрдэнэбат нарыг дэмжихээр ирсэн иргэнээс зарим зүйлийг тодруулахад “Гурав, дөрвөн ч удаа хойшлогдож одоо нэг юм шүүх хурал боллоо. Гэхдээ шүүхийн гаргасан шийдвэр Сэлэнгэ аймгийн олон сум, тосгоноос зорьж ирсэн иргэдэд таалагдсангүй. Бага багаар нэмэгдсээр өнөөдрийн байдлаар 600 гаруй Сэлэнгэ аймгийн иргэн шүүх хуралдааныг, шударга бусаар ял оноохыг эсэргүүцэж байгаа. Шүүх хурал дэндүү хаалттай болж байна. Жирийн иргэд байтугай дэмжихээр ирсэн бид хүртэл тэднийг ямар учраас яагаад ял авсан гэдгийг төдийлөн сайн ойлгосонгүй. Миний мэдэхээр Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байхдаа Ноён уул, Тост тосон бумбатай холбогдох 40 гаруй лицензийг цуцалсан. Улс эх орон, баялгаа аварсан уу гэхээс түйвээгээгүй. Гэтэл яван явсаар түйвээсэн эзэд нь болж байх шиг. Уг нь бол цаад эзэд нь өөр хүмүүс, хэргийн жинхэнэ эздийг эцсээ хүртэл бид олох хэрэгтэй” хэмээн гомдол тээн үгээ хэлж байна. Шүүгдэгч нарын ар гэрийнхэн ээж, аав, эхнэр, хүүхэд, хамаатан саданууд ч олон дунд шүүхийн байрны гадна ирсэн байхыг үгүйсгэхгүй. Зүрх сэтгэл нь өмөрч л яваа даа. Гэхдээ үнэн мөн хэзээд илэрдэг жамтай. Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн ял оногдуулах шүүх хуралдаанд өмгөөлөгч нар нь оролцоогүй гэдгээрээ олны анхаарлыг татна. Энэ талаар шүүх хуралдаанд оролцохоос татгалзсан Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Батсүхээс тодрууллаа.
Д.БАТСҮХ: ӨМГӨӨЛӨГЧГҮЙГЭЭР ШҮҮХ ХУРАЛДААН ЯВАГДАХ БОЛОМЖГҮЙ БАЙСАН
-Таны үйлчлүүлэгч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оролцлоо. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг зөрчсөн үү. Та яагаад өмгөөллөөс татгалзсан бэ?
-Өмгөөлүүлэх эрх, хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрх нь Үндсэн хууль төдийгүй Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын актаар олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүний үндсэн эрхтэй холбоотой эрхийг маш ноцтойгоор зөрчлөө. Манай улсын нэгдсэн тус эрхийн актад зааснаар шүүх хуралд оролцогчид заавал өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцох хууль эрхзүйн орчин 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хуулийн дагуу үйлчилж эхэлсэн. Өмгөөлөгчгүйгээр ямар ч шүүх хуралдаан явах боломжгүй. Хэрвээ сонгосон өмгөөлөгч нь ирээгүй, өмгөөлөгч сонгож аваагүй тохиолдолд томилолтын өмгөөлөгч оролцуулж өмгөөлөх эрхээр нь хангах ёстой хууль эрхзүйн орчинг шүүх үл ойшоосон. Түүнчлэн өмгөөлөгчөө сонгосон байхад өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцуулах, бүрэн судлах эрхээр хангахгүй байгаа нь ноцтой зөрчил байсан. Хуульчийн мэргэжлийн ёс зүйн дүрэмд “Үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд өмгөөллөөс татгалзахыг өмгөөлөгчид үүрэг болгов” гэж заасны дагуу өмгөөллөөс татгалзсан. Өмгөөллийн үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон байхад өмгөөллийн үйл ажиллагаанд оролцох нь өөрийн үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшилна. Тиймээс дүрэмд заасан үүргийн дагуу анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй.
-Өмгөөлөгчийн хувьд шүүх хуралдааныг хэрхэн дүгнэж байна вэ?
-Миний хувьд анхан шатны шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ илэрхийлээд гарсан. Үүнээс биш өмгөөллийн харилцаа хэвээр байгаа. Хэргийн материалыг судлаад хуульд заасан хугацаанд давж заалдах, гомдол гаргах боломж нээлттэй бий. Ял оногдуулах шүүх хуралдааныг ажиглахад хэргийн шүүгдэгч нар гэм буруугийн хувьд маргаантай байна. Энэ асуудалд бүгд байр сууриа илэрхийлсэн. Шүүх нэгэнт гэм буруутай гэсэн шийдвэр гаргасан учраас тодорхой хэмжээгээр эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах нь тодорхой байсан. Хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрх бүх оролцогч нарт байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн эцсийн шийдвэрийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн танхимийн тогтоол гарсны дараа эцэслэдэг. Энэ хооронд гомдол гаргавал урд шатны гарсан шүүхийн шийдвэр түдгэлздэг. Тиймээс хуулийн хүчин төгөлдөр болоогүй шийдвэр гэж үздэг.
-УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг халдашгүй эрхтэй байгаа асуудал олны анхаарлыг татаж байна?
-Энэ маргаангүй асуудал. Улсын Их Хурлын гишүүн байхад цагдан хорих асуудал яригдсан. Цагдан хоригдож байх явцад нь сонгууль зохион байгуулагдаж, үр дүн гарсан. Сонгуулийн үр дүн гарснаар УИХ-ын гишүүний халдашгүй байдал үүсэж байгаа юм. Сонгуулийн ерөнхий хороо бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч УИХ-ын гишүүний үнэмлэх олгосноор баталгаажсан. Харин сонгуулийн үр дүн гарч, эрх бүхий байгууллагаар баталгаажуулснаар халдашгүй байдлын эрх нь үүссэн гэж үзнэ. Бүрэн эрх үүссэн тохиолдолд бусад хууль санаачлах, чуулган, байнгын хорооны хуралдаанд оролцож үг хэлэх эрхүүд үүсдэг.
Б.БЯМБАСАЙХАН, ДА.ГАНБОЛД ӨМГӨӨЛӨГЧГҮЙ ШҮҮХ ХУРАЛД ОРЖ,
С.БАЯР, Ч.ДАВААНЯМ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ТУСГААРЛАВ
Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх танхимд болсон өөр нэг шүүх хурал бол Оюутолгойтой холбоотой Ерөнхий сайд асан С.Баяр, Дубайн гэрээтэй холбогдуулан Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал асан Да.Ганболд, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан болон Ч.Давааням нарт холбогдох хэрэг байлаа. Шүүх хуралдаанаар С.Баярын өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Ч.Давааням, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нар нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаанд ирээгүй. Энэ шалтгаанаар шүүхээс шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааны товыг жич зарлахаар боллоо. Харин шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт шүүгчийг өөрчлөх санал гаргаж хэвлэлийнхэнд тайлбар хийв. Тэрбээр “Тус хэргийн өмгөөлөгч нар шүүгчээс татгалзсан. Яагаад гэвэл шүүгч өөрөө Да.Ганболдын өмгөөлөгчтэй утсаар холбогдоод “Хэрэгт түтгэлзэх юм байна. Оролцох шаардлагагүй” гэж хэлсэн. Үүний дараа эдгээр хүмүүсээс нэхэж буй барьцаа хөрөнгийг нэмэгдүүлж хоёроос 10 тэрбум төгрөг байршуулахыг шаардсан. Байршуулах боломжгүй мөнгө нэхсэн. Дараа нь цагдан хорьсон. Шүүгч нар албан тушаалаа урвуулан ашиглаж, хэн нэгний эрхийг зөрчсөн, буруутай шийдвэр гаргасан бол шалгадаг хуультай. Үүний дагуу гомдол гаргах боломжтой учир цагдаад хандсан. Мөрдөн байцаагч шүүгчээс тайлбар авах гэтэл “эмнэлэгт хэвтсэн” гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй тайлбар хэлсэн. Б.Бямбасайханаар тайлбар өгүүлэх гэсэн Цагдан хорих 461 дүгээр ангиас мөрдөн байцаагчид зөвшөөрөл өгөөгүй. Тиймээс тайлбар авч чадаагүй. Санаатайгаар цагдан хорьчихсон шүүгч шүүхийн шийдвэрийг яаж шударга гаргах вэ. Дубайн гэрээг улс төрийн хэлмэгдүүлэлт болгож, хорьж цагдаж байгаа нь харамсалтай байна” гэлээ. Мөн өчигдөр УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Б.Нямдаваа нарт холбогдох шүүх хурал болсон. Шүүх хуралдаан 19.00 цагт түр завсарлаж, өнөөдрийн 09.00 цагт дахин үргэлжлэхээр боллоо.
ШҮҮГЧ Х.ИДЭР ГЭЖ ХЭН БЭ
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр даргалан явуулсан. Прокуророос оруулсан яллах дүгнэлтийг үндэслэн шүүгч Хувьтөгөлдөрийн Идэр ялын тогтоолын шийдвэрийг танилцуулсаны дараа Сэлэнгэ аймгаас ирсэн иргэдийн төлөөлөл “Хонгилын шүүгч Идэрийг шалгуулъя” хэмээн дуу нэгтэй орилж, шүүхийн шийдвэр хийгээд шүүгч Х.Идэрт дургүйцлээ илэрхийлж байсан юм.
Шүүгч Х.Идэр гэж хэн бэ. Түүний аав Д.Хувьтөгөлдөр 1996-2000 онд Ардчилсан намаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байв. Хувьтөгөлдөрийн Идэр 2014 оны 7 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгч буюу одоогийн нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч болж байв. Шүүгч Х.Идэрийн ах Хувьтөгөлдөрийн Тамир нь 2017 онд Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байхдаа хар тамхи хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, худалдан борлуулахаар завдсан гэсэн үндэслэлээр Х.Тамирыг хар тамхи хилээр оруулж ирсэн, борлуулах зорилгогүйгээр олж авсан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож, албан үүрэгтээ хайнга хандсан хэргийг нь Өршөөлийн хуульд хамруулж, 15.8 сая төгрөгийн авлига авсан хэрэгт нь 5 жил 1 сар хорих ял оноон, авсан авлигыг нь түүнээс гаргуулан улсын орлого болгож, хөрөнгөнөөс нь 500 мянган төгрөгийн эд хөрөнгө хураахаар шийдвэрлэж байв. Гэвч давж заалдан хэргээ нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгасан ч 2018 оны 5 дугаар сард өмгөөлөгчтэйгээ хамт дахин хар тамхины хэргээр баривчлагдан ял сонсож байсан юм.
Мөн Эрдэнэтийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдан авсан байж болзошгүй ХХБ-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг 2019 оны 3 дугаар сарын 6-ны орой Сүхбаатар, дүүргийн шүүгч Х.Идэрийн захирамжаар сулласан байдаг. Тухайн үед “МАНАН” бүлэглэлийн талд ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн заавраар сулласан хэмээх хардлага нийгэмд хүчтэй гарч байсан. Учир нь шүүгч Х.Идэрхийн аав Д.Хувьтөгөлдөр МоАХ-ны нөлөө бүхий гишүүдийн нэг, Ц.Элбэгдоржийн ойрын хүмүүсийн нэг гэгддэг. Тиймээс Д.Хувьтөгөлдөр Эрдэнэт үйлдвэрээс тодорхой хугацаанд цалин авч ажилласан байсан гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж байсан юм.
Л.Оюун-Эрдэнэ шүүгч Х.Идэрт хариуцлага тооцуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, АТГ-ын дарга Х.Энхжаргал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт нарт хандсан ч хэн ч тодорхой хариу өгөөгүй байдаг.
Мөн Х.Идэр нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх нарт холбогдох хэргийг шийдвэрлэж, хэл амны бай болж байв. Тухайн үед Н.Алтанхуяг болон шүүгдэгч Л.Гансүх “Х.Идэр шүүгч АТГ-т барьцаалагдсан” гэдгийг хэлж байсан удаатай.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 3 )
Туршлагатай гаруудад хууль үйлчилдэггүй
ulsiin hurungund shunaj alban tuchaala achgilj tansag amdrah bodol n talaar tarj ethes suuld shorond amdrah songoltoo hiisen ene erdenbat shunal n uruvdultei hunee shorond n uhuulvel tna iim shunaltai uls. g hoichdiin ulsd surgamj jiliin nemeesei buh hurung. g huraah estoi
buun jvjig..tgj bgaadl zgr garnashdee