“Монголын нууц товчоо”-ноос эш болгон Хубилай хааны лаан баримлыг урлажээ

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 24

Хубилай хааны мэндэлсэн 805 жилийн ойд зориулан лааны тосон баримлын үзвэрийг олон нийтэд нээлттэй дэлгээд байна. Хубилай хаан нь IV жарны хөхөгчин гахай жилийн намрын эхэн сарын 15-ны өдөр Толигуйн их хатан Сорхугтани бэхигээс мэндэлжээ.

Энэхүү үзэсгэлэнд Хубилай хаан болон монгол гүрний үеийн түүхэн баатруудын дүр төрхийг сэргээн урлаж, түүхэн агшинг өнөө цагт амилуулсан мэт бодит мэдрэмжийг төрүүлэхүйц сонирхолтой хэлбэрээр дэлгэсэн байна.

Үзэсгэлэнд Хубилай хаан болон Монголын эзэнт гүрний үеийн Жамух, Хасар, Өүлэн эх, Мухулай, Боорчи, Тулуй нарын түүхэн хүмүүсийн дүр төрхийг лаан баримлаар сэргээн урласан байна. Мөн Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалдаг Юань гүрний үед холбогдох хосгүй үзмэрээс дээжлэн дэлгэжээ.

Лаан үзмэрийн талаар тодруулахад “Манай компани 2012 оноос энэхүү лаан технологиор ази хүний царай, харцыг хэрхэн гүн харуулах талаар ажиллаж “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэгдэн үлдсэн хүлэг баатрууд болон ноёд хатдын баримлыг урлаж эхэлсэн. Нийтдээ энэхүү технологиор 20-иод баримал урлаад байна. Манай музейд ирж буй гадны жуулчид Хубилай хааны өв соёлыг нэлээн сонссон байдаг. Чингис хааны сэдэвтэй олон баримал дунд Хубилай хааны өв соёл Европын жуулчдад илүү танигдсан байдаг. Дэлхийд болон Монголд Хубилай хааны баримал байдаггүй. Тиймээс хоёр жилийн хугацаанд төлөвлөж, гурван сарын хугацаанд бүтээсэн. Хүмүүсийн харц, өндөр нам нуруу гэхчлэн “Монголын нууц товчоо”-ноос иш татан авч дүрүүдийг амилуулсан” гэж  Чингис хааны лаан музейн захирал Д.Дэлгэрмаа хэллээ.

Баримлыг бүтээхэд Мөнх тэнгэрийн цаг ТББ болон Чингис хаан лаан баримлын музейн 30 гаруй уран бүтээлчид хамтран ажиллажээ.Түүнчлэн төмрийн дархан, оёдолчин, сийлбэрч гээд  олон хүний хүч хөдөлмөр шингэсэн байна.

Лаан технологи нь бор шаргал, ази царайтай хүмүүсийн онцлогийг сайн гаргаж өгдгөөрөө давуу талтай төдийгүй өнгө тавилт, хүний арьсны нугалаа, харцыг сайн харуулж өгдгөөрөө онцлог аж. Өмнө нь лаан технологийг 2-3 жил тутамд сэргээн засварлаж арчилгаа их шаарддаг байсан бол одоо материалын чанар сайжирсан байна. Иймд хатгах юмуу зүсэх зэрэг ямар нэгэн гэмтэл учруулахгүй бол энэ хэвээрээ 15-20 жил болох аж.

Үзэсгэлэн нэг сарын хугацаанд буюу аравдугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийтэд нээлттэй ажиллах юм байна. Цаашид үндэсний музей Чингис хааны төрсөн өдөр болон үндсэн хуулийн өдөрт зориулан богино хэмжээний үзвэрийг танилцуулахаар төлөвлөөд байна.


Э.Нандинцэцэг

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sussybaka(202.126.90.122) 2024 оны 03 сарын 19

;)\nТйтйтфь\n

0  |  0
teneg(202.21.97.30) 2020 оны 09 сарын 24

teneg barimal hj bhiin iim gulgur gulchgur aristai kpop hamtalgiinhan shig baatruud bailaa yu

0  |  0
Top