Испанийн музейгээс 4 минутын дотор 1.7 сая еврогийн эрдэнэсийг хулгайлжээ

Я.Болор | Zindaa.mn
55 минутын өмнө

 

Испанийн Аликанте мужийн Виллений археологийн музейгээс үл мэдэх этгээдүүд Виллений эрдэнэсийн авдар хэмээгддэг Хүрэл зэвсгийн үеийн үнэт зүйлсийг хулгайлжээ. Хулгайчид дөрөв хүрэхгүй минутын дотор 1.7 сая еврогоор үнэлэгдэх эд зүйлсийг хулгайлсан байна.

Виллений эрдэнэсийн авдар нь алт, мөнгө, төмөр, хуваар хийсэн 50 гаруй чимэг, зүүлт зэргээс бүтдэг цуглуулга. МЭӨ 1000 онд хамаарах эл цуглуулга нь Европын Хүрэл зэвсгийн үеийн алтан эд зүйлсийн хамгийн том коллекц юм.

Виллена хотын дарга Фулхэнсио Серданы хэлснээр, тус музей аюулгүй байдлын бүхий л шаардлагатай системтэй. Хяналтын камерт хэд хэдэн хүн бичигджээ. Гэмт этгээдүүд гол хаалгаар орохыг оролдсон ч бүтэлгүйтсэн тул цонхоор нэвтэрсэн байна. Гэтэл музейн цонхнууд нь аюулгүй байдлыг бүрэн хангасан бөгөөд сум нэвтэрдэггүй шилтэй аж.

Энэ нь сүүлийн сард Испанийн музейд гарч буй гуравдах хулгайн хэрэг гэнэ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Бадахосын археологийн музейгээс 144 алтан зоос хулгайлагдсан бол долоодугаар сард Альбасетийн музейд хулгай орж, 200 гаруй зоосыг хулгайлсан хэрэг гарч байв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top