Ерөнхийлөгчөөс бусдынх нь чансаа доошилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 06

Ирэх жилийн Ерөн­хийлөгчийн сонгуулийн дараа Монгол Улс гурван жил амар жимэр сууна. Тэр хүртэл “бүгдийг фронтод” илгээх болов уу. Өнөөгийн байдлаар чуулганаар хэлэлцэж байгаа Улсын төсөв ч сонгуульд бэлт­гэсэн шинжтэй харагдаад байгаа. Энэ төсөв дотор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр нь ирэх жилийн зургаадугаар сар хүртэл олгоход зориулсан 864 тэрбум төгрөг, 1.6 их наяд төг­рөгийн 1036 төсөл хэрэгжүүлэх асуудал багтсан. Тэр төсөл дунд өнөө Хэнтийд баригдаад хэл ам дагуулаад байгаа “Андлалын өргөө”, “Их хуралдай” хэмээх өндөр өртөгтэй боловч шагайн чинээ хөшөө, барилгын аль нь үл мэдэгдэх зүйлсийг сэлбэж, тохижуулах зардал ч шингэсэн. Мөн их, дээд сургуулийн оюутнуудад дэмжлэг үзүүлэх тухай ч асуудал явж байна лээ. Нөгөө талд Ерөнхийлөгч Х.Баттулга аймгуудаар явж “Эхийн алдар” одон өөрөө зүүж, Төрийн ордонд байсхийгээд л гавьяа шагналыг асгадаг боллоо. Түүнчлэн Тавантолгойн уурхайн ашиг хэмээх 700 гаруй тэрбум төгрөг Тавантолгой, Зүүн-Баянгийн төмөр замыг барих руу орсон явдал ч бүтээн байгуулалт гэхээсээ улс төрийн шинжтэй л үйлдэл шүү дээ. Ийнхүү ирэх жилийн сонгуульд бэлтгэж байгаагийн дээр орон нутгийн сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байгаа өдрүүдэд улс­төрчдийн хэн нь ямар чансаатай яваа нь хүмүүсийн сонирхлыг татах нь дамжиггүй.

Ийм төрлийн судалгаа гаргадаг МЭК компани нам, улстөрчдийн чансааг тодорхойлсон аравдугаар сарын судалгааны дүнгээ танилцуулсан байна. Сар бүр гаргадаг энэ судалгааг түүврийн аргаар сонгосон 750 хүнээс авч гаргадаг аж.

Сонгогдсоныхоо дараа буюу 2017 оны есдүгээр сард энэ судалгаагаар рейтинг нь 7.6 оноо хүрч байсан Ерөнхийлөгч Х.Баттулгын үзүүлэлт сүүлийн саруудад тогтмол уруудаж байсан. Тэгвэл өмнөх сараа бодвол 0.2 оноогоор өгсөж 6.2 болжээ. Нэмэгдэх болсон шалтгааныг тухайн судалгааны компани “Эхийн алдар” одон гардуулсан явдал хийгээд УИХ-ын намрын чуулганы нээлт дээр хэлсэн үгтэй нь холбож тайлбарласан байна. Ерөнхийлөгчийн хувьд УИХ-ын чуулган дээр үг хэлэхдээ төсөв мөнгийг хайр гамгүй үрдэг байдлыг хатуу шүүмжилсэн юм. Өнөөгийн байдлаар төсвийн алдагдал 4.8 их наяд хүрчихсэн. Эдийн засгийн нөхцөл байдал эрс муудаж, коронавирусний нөлөөгөөр ажлын байр хумигдаж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн “Юун дээлний хээ, архины шил, Кэмбриж вэ” гэсэн үг олонд хүрсэн нь гарцаагүй. Тэгвэл УИХ-ын үйл ажиллагааны үнэлгээ гэсэн судалгааны дүнг харахад өмнөх сараасаа 0.2 оноогоор буурч 3.7 болжээ. Өмнөх парламентын нэр хүнд эрх баригч намын хуваагдлаас болоод “шалан дээр” унаад байлаа. “60 тэрбумынхан” болоод “ЖДҮ-чид” гэсэн нэр шошго зүүснийг бүгдээрээ санаж байгаа байх. Тиймээс ч өнгөрсөн зуны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ өндөр хүлээлттэй байлаа. Наймдугаар сарын судалгаагаар 4.2 оноотой байсан гэхээр тун сайн эхлэл гэсэн үг. Үүний өмнөх парламент ганц, хоёр сард л ийм үнэлгээнд хүрч байсан юм. Тэгвэл шинэ парламентын нэр хүнд яагаад доошлоод байна вэ. Судалгааны компани “Шинээр сонгогдсон парламент ямар нэгэн анхаарал татах үйл ажиллагаа явуулаагүй”, “УИХ-ын зарим гишүүдийн үйлдэл” гэсэн тайлбар зүүжээ. Үнэндээ ирэх саруудад УИХ-ын үйл ажиллагааны нэр хүнд улам унасаар л байх болов уу. Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр нь төсвийг баталбал жаахан дээшилж мэдэх юм. Түүнээс биш эдийн засаг ингэж доройтож, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүндэрч байхад хууль тогтоох дээд байгууллага өөдтэй нэр хүнд олоход хэцүү. Дээрээс нь УИХ-д сонгогдсон гишүүдийн биеэ авч яваа байдал, хэлсэн үг ч хүмүүсийн дургүйцлийг төрүүлэх болсон. А.Адъяасүрэн гишүүн чуулганы танхимд ирэх оны мөнгөний бодлого хэлэлцэж байхад “Баянхонгорын эдийн засаг” гэх хачирхалтай зүйл асуусан хийгээд П.Анужин гишүүний “Дээлний хээг хуульчлах асуудал”, Б.Жаргалмаа гишүүний “Архины шилний тухай” яриаг хүмүүс тэр бүү хэл Ерөнхийлөгч ч жишээлэн шүүмжилснийг дээр бичсэн.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үйл ажиллагааны чансаа судалгаагаар 0.5 оноогоор доошилж 6.2 буюу Ерөнхийлөгчтэй адил хэмжээнд ирсэн байна. Судалгаа хийсэн байгууллага “Эдийн засгийн нөхцөл хүндэрч буй явдал”, “Олон нийтийн анхаарал татах үйл ажиллагаа явуулаагүй”, “Засгийн газрын танхимаар ажиллах зарчим зөрчигдөж буй байдал” гэж тайлбарлажээ. Эдийн засгийн хүндрэл цаашдаа ч Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг нэлээд зовоох болов уу. Тэгвэл нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны үнэлгээний судалгаагаар хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн оноо нэлээд доошилж 3.6 болсон байна. Сүүлийн хэдэн сар тогтмол уруудаж байгаа аж. Үүнийг судалгааны байгууллага замын түгжрэл хийгээд орон нутгийн сонгуулийн сурталчилгааны эхлэлтэй холбожээ.

Сая анхны цас гэх үү, хүйтэн бороо гэж тайлбарлах уу цаг агаарын үзэгдлийн үеэр нийслэл хотын авто зам дээр машинууд түгжирч таг гацсан. Нэг буудал газарт хоёр цаг явсан, хол гэртэй хүмүүс таван цаг явж харьсан гэж байгаа. Хүмүүсийн бухимдал, шүүмжлэл ч их гарсан. Харин мань дарга “Дарга нар ч түгжирдэг” ухааны юм ярьсан нь асуудлыг улам хөөргөж орхисон байна лээ. Дарга, иргэн гэж хоёр тусдаа хүний төрөл үүссэн юмдаг уу даа. Мөн сонгуулийн сурталчилгаагаа хийхдээ цав цагаан цамц, хамгаалалтын малгай өмсөж, булбарай гартаа сайжруулсан түлш атгаж өргөсөн зургаа тавьсан нь үнэндээ хар бор ажил хийдэг ихэнх иргэдээ тавлаад ч байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлсэн талтай. Гэвч хашралгүй нийслэлийн гудамж талбайн үйлчлэгч нарын шүүрийг барьсан зургаа бас л сошиалаар явуулаад байгаа харагдсан. Ийм нөхцөлд рейтинг нь сайжрах талаар ярихад хэцүү л юм. Уг нь орон нутгийн сонгуульд МАН-ыг төлөөлж олон нийтэд харагдаж байгаа нэг том фигур юмсан.

Улс төрийн намуудын үйл ажиллагааны үнэлгээний тухайд онцын өөрчлөгдсөн юм алга. МАН 3.9, АН 3.4, МАХН 3.1, ХҮН 2.8 оноотой явж байгаа аж. Харин үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчид гэсэн судалгаагаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн оноо нэгээр буурч 34 болсон байна. Гэвч энэ төрөлдөө тэрбээр хамгийн өндөр оноотой хэвээр л байгаа аж. Түүний араас Ерөнхийлөгч Х.Баттулга 30 оноотой, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 14 оноотой явж байгаа. Тэдгээрийн дараа УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Т.Доржханд, Г.Занданшатар нар оржээ.

Тэгвэл үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчдийн жагсаалтад С.Эрдэнэ, П.Анужин, Ц.Элбэгдорж, Ж.Батзандан, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нар багтжээ. Улс төрийн тавцангаас хэдийн буусан хүмүүсээс энэ төрлийн судалгааны олонх бүрдэж байгаа нь хачин л юм. Магадгүй эрх баригч хүчний пиар баг гудамж руу чиглэсэн суртал хүчтэй явуулах замаар өөрсдийгөө хамгаалах арга хэрэглэж байж мэднэ. Аравдугаар сарын улстөрчдийн чансааны судалгааг тоймлоход ийм байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top