Химийн салбарын Нобелийн шагналыг “генийн хайч”-ыг бүтээсэн эмэгтэй эрдэмтэд хүртлээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 08

Энэ жилийн химийн салбарын Нобелийн шагналыг Францын эрдэмтэн Эммануэль Шарпантье, АНУ-ын эрдэмтэн Женифер Дудна нар “генийн хайч” гэсэн албан бус нэршил аваад буй генийг засварлах аргыг хамтран боловсруулсны төлөө хүртжээ.

Шарпантье /51 настай/, Дудна /56 настай/ нар Нобелийн шагналын түүхэнд химийн салбарт энэ нэр хүндтэй шагналыг хүртэж буй зургаа, долоо дахь эмэгтэй эрдэмтэд болж байна. Энэ жил химийн салбарын Нобелийн шагналыг анх удаа зөвхөн эмэгтэй эрдэмтэд авч байна.

CRISPR- Cas9 генийн хайчийг ашиглан эрдэмтэд аливаа амьд амьтны генийн мэдээлэл хадгалагдаж байдаг ДНК-д цэгэн өөрчлөлт оруулах боломжтой болжээ. Хүний биед олон их наяд эс байдаг бөгөөд эс бүрд генийн кодын хос хэлхээ бүхий спираль байдаг. Спираль бүр бидний өвөг дээдсийн олон тэрбум жилийн хувьслын явцад цуглуулсан мэдээллийн гинж юм. Эл гинж нь зургаан тэрбум хэлхээснээс бүрддэг байна.

Эммануэль Шарпантье, Дженифер Дудна нар энэхүү гинжнээс шаардлагатай хэлхээсийг “хайчилж” авах аргыг боловсруулсан байна. Өөрөөр хэлбэл генийн хайч нь байгалийн шалгарлын үр дүнд бий болж, олон мянга, сая жилийн дараа хүний бие организмд асуудал үүсгэх болсон генийн кодыг засах боломжтой болжээ.

Нобелийн шинэхэн шагналтнуудын судалгааны ажил 2012 онд гарснаас хойш эрдэмтэд хулгана болон хүний эс дэх ДНК-д өөрчлөлт оруулж чаджээ. Өдгөө CRISPR- Cas9 технологийг ургамлын шинэ төрөл гаргаж авах, тусдаа генийн үйл ажиллагааг судлахад ашиглаж байгаа бол цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийг илрүүлэх CRISPR оношлуур боловсруулахад өргөнөөр ашиглах болжээ.

CRISPR/Cas технологи хүнийг удамшлын өвчнөөс ангижруулаад зогсохгүй урьд өмнө байгаагүй ур чадвартай болгох “шидтэй” гэнэ.

2018 онд Хятад улсад генийн засвартай хүүхдүүд төрж, олон улсын хэмжээнд дуулиан тарьж байсан билээ. Эрдэмтэд, улстөрчдийн хооронд ийм төрлийн туршилтыг хүлээн зөвшөөрөх эсэх талаар өнөө хэр маргаан дэгдсэн хэвээр. Шарпантье, Дудна нарын энэхүү бүтээл хүний амьдралыг дотоод шаталтын хөдөлгүүр, цахилгаан, интернет шиг үндсээр нь өөрчилнө гэж эрдэмтэд үзэж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top