Тэгш бус органик хурдасгуур бүтээсэн эрдэмтэд Нобелийн шагнал хүртлээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 07

Нобелийн хороо 2021 оны химийн салбарын Нобелийн шагналыг тэгш бус органик хурдасгуур буюу молекулын нийлэгжилтийн хэрэгсэл бүтээсэн органик химич Бенжамин Лист, Дэвид Макмиллан нарт хүртээлээ.

Сүүлийн жилүүдэд органик хурдасгуурын аргачлал хурдацтай хөгжиж байна. Шинэ төрлийн хурдасгуурын тусламжтай  судлаачид янз бүрийн салбарт хэрэглэгддэг тэгш бус нарийн молекулуудыг үр дүнтэй бөгөөд экологийн цэвэр аргаар нийлэгжүүлэх боломжтой болжээ. Олон жилийн туршид судлаачид металл болон фермент /биохимийн урвалд/ гэсэн хоёр төрлийн хурдасгуур байдаг гэж үздэг байжээ. Харин Бенжамин Лист, Дэвид Макмиллан нар тус тусдаа хурдасгуурын гурав дахь төрөл болох органик молекул дээр үндэслэсэн тэгш бус органик хурдасгуурыг бүтээжээ.

Бенжамин Лист пролин гэгч амин хүчлийг химийн урвалын хурдасгуур болгон ашиглах боломжтой болохыг баталжээ. Дэвид Макмиллан металл хурдасгуур дээр судалгаа хийж байсан ба ийм төрлийн хурдасгуур усны нөлөөнд түргэн устдаг байна. Тиймээс эрдэмтэн органик молекулд суурилсан илүү тогтвортой хурдасгуур бүтээхээр шийдсэн нь тэгш бус органик хурдасгуур байв.

Нобелийн хорооны гишүүдийн онцолсноор, тэгш бус органик хурдасгуурыг нээсэн нь молекулын нийлэгжилтийг зарчмын шинэ түвшинд гаргаж, эл үйл явцыг хялбаршуулаад барахгүй тэгш бус молекулын нийлэгжилтийг илүү экологийн хувьд цэвэр болгож байна. Ийм аргаар бүтээсэн молекулыг эмийн үйлдвэрлэлээс авахуулаад нарны зай бүтээхэд ашиглах боломжтой аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top