Дурласан хосын зүрх нэг хэмнэлд цохилдгийг тогтоосон судлаачид стандарт бус санаанд олгодог “Ig Nobel Prize” буюу Нобелийн эсрэг шагнал хүртжээ.
Чех, Нидерланд, Их Британи, Герман, Шведийн эрдэмтдийн баг анхны учралаар бие биедээ татагдсан хосуудын зүрх нэг хэмнэлд цохилж эхэлдэгийг тогтоожээ. Тэдний үзэж буйгаар, зүрхний цохилтын давтамж нэг хэмнэлд орсноор дурлалын оч үсэрдэг байна. Судлаачид “Хавсарга зүрхний өвчин судлал” номинацид энэхүү шагналыг хүртжээ.
10 номинацад шалгаруулсан эл “хошин” Нобелийн эсрэг шагналын эздийг “мэдлэгээ хадгалах” цаасан цилиндр, 100 их наяд Зимбабве долларын дэвсгэртийн хуулбараар шагнажээ. Энэхүү мөнгөн тэмдэгт гүйлгээнээс гарсан бөгөөд өдгөө цуглуулгын нэг хэсэг болжээ.
“Техник” номинацид Японы судлаачид хаалганы бариулыг эргүүлж, хаалга онгойлгохын тулд хүн хэдэн хуруугаа ашиглах боломжтойг тогтооход чиглэсэн судалгаагаар түрүүлжээ.
Харин “Урлагийн түүх” номинацид маяачуудын шавар саванд маяачууд мансууруулах бодис бүхий шингэнээр бургуй тавьж, зан үйл хийдэг байсныг батлах баримт илрүүлсэн Нидерландын эрдэмтэд шагнал хүртжээ.
Хуулийн текстийг ойлгоход яагаад тийм хүндрэлтэй байдгийг тогтоосон Канад, АНУ, Их Британи, Австралийн судлаачид “Уран зохиол” номинацид түрүүлжээ. Бразил, Колумбын судлаачид хилэнц хорхойн анатомийн бүтцийг судалж, Нобелийн эсрэг шагналыг хүртсэн бол “Анагаах ухааны салбарын” шагналыг зайрмаг хэрэглэх нь химийн эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдийн өвчин мэдрэх мэдрэмжийг буруулдаг болохыг тогтоосон Польшийн эрдэмтэд хүртжээ.
Хятад, Их Британи, Турк, АНУ-ын эрдэмтэд нугасны дэгдээхэйнүүд ямар зарчмаар дараалалд орж, эхийгээ дагадаг болохыг тодорхойлж, Нобелийн эсрэг шагнал хүртжээ.
Италийн эрдэмтэд яагаад хамгийн авьяастай нь бус, харин хамгийн азтай нь амжилтад хүрдэг нууцыг тайлж, Нобелийн эсрэг шагнал хүртсэн байна. Харин Энх тайвны Нобелийн эсрэг шагналыг Хятад, Унгар, Нидерланд, Их Британи, Итали, Австрали, Швейцар, АНУ-ын эрдэмтэд хүртжээ. Тэд хов живчдэд ямар тохиолдолд худлаа ярих, ямар тохиолдолд үнэн ярьж болохыг шийдэхэд нь тусалдаг алгоритмыг бүтээжээ.
“Ig Nobel Prize” буюу Нобелийн эсрэг шагналыг эхэндээ инээд хүргэм ч хожим нь тунгаан бодоход хүргэдэг нээлт, ололтуудын төлөө олгодог. Эл шагналыг “Итгэмээргүй судалгааны товчоон” сэтгүүл 1991 онд анх бий болгожээ. 1999 оноос эхлэн тус шагналыг Нобелийн шагналын 10 салбарт олгодгийн нэгэн адил 10 номинацид хүртээдэг болжээ. “Ig Nobel Prize” буюу Нобелийн эсрэг шагналыг гардуулах ёслолыг Харвардын их сургуульд зохион байгуулдаг ба шагнал хүртэгсдэд үе үеийн Нобелийн шагналтнууд шагналыг нь гардуулдаг уламжлалтай. Харин сүүлийн гурван жилд коронавирусний цар тахлын улмаас энэхүү ёслолын ажиллагаа цахим хэлбэрээр зохион байгуулагджээ.